Эдийн засгийн ил тод байдлын болон өршөөлийн тухай хуулиудыг дахин өргөн барина
Өнөөдөр ЗГ-ын ээлжит бус хуралдаан болж Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл
УИХ-ын тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн , ААН , байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу энэ хуулийн төслийг боловсруулжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл бөгөөд улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор энэ аргыг хэрэглэдэг аж.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусган, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ял эдэлж байгаа хүмүүсийн зарим ялыг өршөөн хэлтрүүлэх, зарим ялыг өршөөн хасах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд :
- Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд
- Өөрийн шууд асрамжинд байгаа 18 насны хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд
- Ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс
- 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аасдээш насны эмэгтэйчүүд
зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан байна. Мөн насанд хүрээгүй этгээдэд хамаарах болон Эрүүгийн хуулийн зарим зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарах тусгай зохицуулалт оруулсан байна.