Энэ жилийн наадмаар монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулна
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд эхлэх бөгөөд монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмыг Хурдан Морины Салбар хорооноос гаргажээ. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох аж. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан морьдыг эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй юм байна.
Дашрамд дурдахад долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах бөгөөд даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой аж. Мөн энэ жил уламжлалт ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан /дээд, дунд, бага нас/ болох юм. Мөн долдугаар сарын 10-нд холч морьдын уралдаан, 13-нд жороо морьдын уралдаан болно.