Бусад

Маргааш дэлхийн хүн амын өдөр

О.Намуун
2015-07-09 23:31

НҮБ-аас жил бүр энэ сарын 11-нд Дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1987 онд 7-р сарын 11-нд дэлхийн хүн ам 5 тэрбумд хүрсэн бөгөөд 1990 онд дэлхийн 90 гаруй улс оронд анх удаа энэхүү өдрийг тэмдэглэж байжээ. 

Уг өдрийг хүн амын асуудлууд, хүрээлэн байгаа орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийн чухлыг шийдвэр гаргагчдад ойлгуулах зорилгоор тэмдэглэдэг түүхтэй. 

Түүнчлэн энэ өдрөөр дараах ойлголтыг олон нийтэд түгээхэд голчлон анхаардаг байна :

  • Ямар ч тохиолдолд, ямар ч цаг үед эмэгтэйчүүдийн амь амьдрал ямагт үнэ цэнэтэй байх учиртай.
  • Онцгой байдлын үед эмэгтэйчүүд, охид илүү өртөмтгий байдаг бөгөөд тэдний өвөрмөц хэрэгцээ хямралт байдлын үед ихэвчлэн анхаарлын гадна үлддэг. Тэдний аюулгүй байдал, нэр төр, эрүүл мэндийг хамгаалснаар гэр бүл, хамт олны түвшин амгалан аж байдлыг хангах боломжтой.
  • Хямралт байдлын үед эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн хэрэгцээ нэмэгддэг бөгөөд хамгийн хүнд нөхцөлд ч хүүхдээ эсэн мэнд төрүүлэх боломжийг тэдэнд бүрдүүлж өгөх шаардлага бидэнд тулгардаг. Ингэснээр эмэгтэйчүүд, охид илүү аюулгүй, эрүүл байх боломжтой.