Наадмаар "Даншгийн цуваа" үзэсгэлэн болно
Богд хааны ордон музейгээс Улсын их баяр наадмыг тохиолдуулан "Даншгийн цуваа" нэрт сэдэвчилсэн үзэсгэлэнг сүүлийн 2 жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд музейн сан хөмрөгөөс 34 нэр төрлийн 44 ширхэг үзмэр дэлгэгдэж нийтийн хүртээл болох юм. Энэ жил уг үзэсгэлэнг энэ сарын 10-20-ыг хүртэл нийтийн хүртээл болгохоор зохион байгуулж байна.
Даншгийн цуваа гэдэг нь Богд хаанд Бат-Оршил өргөж, 90 гаруй зүйлийн юмсыг цувуулан барихыг хэлдэг. Эхлээд 5-н өнгийн том хадаг уясан мөнгөн хот мандал, дараа нь алтан Аюуш бурхан, дараа нь урт насны Цэнд судрыг таван эрдэнээр бичсэнийг барих мэтчилэн олон зүйлийг цувуулан барьдаг байжээ.
Даншгийн цуваанд барьдаг дээрх зүйлсийг хутагтын гадаад сангаас бэлтгэн, олон аймгийн тайж, занги, ноёдын дагалт зэргийн ардууд хүлээн авч их дуганд хүргэхээр ирж, дэс дараагаар жагсан барьж зогссоноос, Бат-Оршил өргөх ноёд түрүүчээс нь авч Богдын гарт барих лугаа, хажуу талд зогссон сойвон лам нар хүлээн авч ар этгээдэд зогссон дотоод сангийн нярав нарт тушааж өгөхийн зэрэгцээгээр сүүл сүүлчийн жагсаалын юмыг нэг нэгээр урд мэт тасралтгүй цувуулан дэвшүүлж гүйцэтгэдэг байжээ.