Эрх чөлөө зуны сургууль LIBERTY SUMMER SCHOOL 2015 зохион байгуулагдана
Эрх чөлөө зуны сургууль 10 дахь жилдээ наймдугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Хүний эрхэм чанар, ардчилал, хүний эрх, тэгш эрх, эрх зүйт ёс, чөлөөт эдийн засаг, шударга ёс зэрэг өргөн хүрээтэй сэдвийг хамрах 6 хоног, 40 цагийн эрчимжүүлсэн хөтөлбөр бүхий уг сургалт чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд болох эрх чөлөө, хүний эрх, ардчиллын суурь үнэт зүйлсийг иргэний боловсролын түвшинд цэгцтэй мөн сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилготой аж. Жил бүр үе тэнгийн залуус хамтдаа амрангаа хөгжилтэй хэлбэрээр чухал сэдвүүдийг суралцах, эргэцүүлэх боломж олгох зорилгоор байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулагддаг байна.
Хөтөлбөр нь ярилцлага, мэтгэлцээн, оролцоот аргуудад түшиглэх бөгөөд иргэний боловсролын үндсэн ур чадваруудыг мөн хөгжүүлэхэд чиглэсэн байна. Мөн сургалтын туршид залууст үлгэр дууриал болохуйц нийгмийн зүтгэлтэн манлайлагчид уригдан зочноор оролцох болно. Хөтөлбөр нь амьдарч буй нийгэм, орчиндоо идэвхтэй, мэдээлэлтэй, оролцоотой байхыг хүсдэг 20-28 насны залууст зориулагдсан бөгөөд мэргэжил харгалзахгүй хэдий ч нийгмийн идэвхтэй, манлайлагч бол давуу тал болно.
Мөн энэ жил тус сургалтын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баяраа сургалтын үеэр өмнөх жилүүдийн төгсөгчид, багш нар, зочидтой хамтдаа тэмдэглэх аж. Та энд тавигдсан хүснэгтийг бөглөн илгээж, тус сургалтад оролцох хүсэлтээ гаргах боломжтой.