Улсын их хурал

Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа хэлэлцэнэ

trends.mn
2015-08-03 00:22

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ олны анхаарлын төвд буй Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа" гэж мэдэгдсэн гэж дурдлаа.  

 

 

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг:

Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,  

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар сарын 03-14 хүртэлх хугацаанд  хуралдуулахаар  2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж  гаргасан.

Үүний дагуу хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.

“Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно.

Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож дээрх асуудлуудыг  цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг  нээснийг мэдэгдье.

 

Эх сурвалж: parliament.mn


  1. 202.21.109.* Зочин 2015-08-03 09:55
    neg zasgiin gazaraa zugeer neg togtwortoi ajiluladahaachde.