Спорт

Монголын сагсан бөмбөгийн ууган спортын мастерын хөшөөг босгожээ

Bolor Rose
2015-08-10 05:10

Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, МҮОХ-ны гишүүн Д.Содномзундуйн хөшөөг Хандгайт дахь Олимп Цогцолборт босгожээ. Д.Содномзундуй нь Монгол оронд сагсан бөмбөгийн спорт анхлан үүсч, хөгжиж эхэлсэн цаг үеэс тамирчин, олон шилдэг шавь төрүүлэн гаргасан дасгалжуулагч багш, спортын нэрт зүтгэлтэн болтлоо өөрийн ухамсарт амьдралын 30-н жилийг сагсан бөмбөгийн спортод зориулсан анхны мастеруудын нэг ажээ. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд  ажиллагааны үеэр түүний хүү, УИХ, Засгийн газрын гишүүн МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ аавынхаа сагсан бөмбөгийн спортын хөгжилд уйгагүй зүтгэсэн талаар дурсамж өгүүлэн, аавынхаа амьдралаа зориулсан энэ сайхан спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, аавынхаа мөрөөдөж байсан чин хүслийг гүйцээхээр Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп цогцолборын төслийг эхлүүлсэн тухай дурьдаад Монголын сагсан бөмбөгчид дэлхийд амжилт үзүүлэх цаг ойрхон байгаад итгэлтэй байгагаа илэрхийлж энэхүү хөшөө нь үе үеийн нийт сагсан бөмбөгчдийн амжилт, ялалтанд зориулсан хөшөө хэмээн онцолсон байна. Ёслолын ажиллагаанд Д.Содномзундуй агсны гэргий хатагтай Б.Цэнд-Аюуш түүний гэр бүл, төрөл төрөгсөд, Монголд сагсан бөмбөгийн спортын тулгын чулууг тавилцсан үе үеийн ахмадууд, түүний найз нөхөд, шавь нар болон одоо цагийн шилдэг тоглогчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлжээ.