Бусад

Маргааш Глобус театрын уран бүтээлчид Гамлет жүжгийг тоглоно

О.Намуун
2015-08-10 23:22

      Сонгодог жүжгийн суут зохиолч Уильям Шекспирийн “Гамлет”, “Отелло”, “Макбет”, “Ромео Жульетта”,“Лир Ван”, “III Ричард” болон “Зуны шөнийн зүүд” бүтээлүүдийг тогтмол тоглож ирсэн гэдгээрээ Улсын Эрдмийн Драмын Театр Ази тивдээ ховорт тооцогддог. Тэгвэл энэ театрын түүхэнд бас нэгэн онцлох үйл явдал тохиох гэж байгаа нь Их Британи дахь Шекспирийн нэрэмжит Глобус театрын жүжигчид Монгол улсад  анх удаа хүрэлцэн ирж,  8 сарын 12-нд Гамлет жүжгийг эх хэлнээ толилуулах болсон явдал юм. "Globe to Globe Hamlet" аялан тоглолтын уран бүтээлчид Монгол улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд нийт 2 цаг 40 минут үргэлжлэх жүжгийн бэлтгэлдээ шууд оржээ.

Тодруулбал нэрт зохиолчийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд явуулж буй "Globe to Globe Hamlet" дэлхийн аялан тоглолтыг хүлээн авах 120 дахь орон Монгол улс болж байгаа бөгөөд дэлхийн соёлын үнэт өвд тооцогддог, театрын урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлогч сонгодог бүтээл болох Гамлет жүжгийг 1601 оноос эхлэлтэй Лондон хотын Шекспирийн Глобус театрын 16 уран бүтээлчид Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тайзнаа үзэгч олны хүртээл болгох юм.

Глобус театрын найруулагч Доминик Дромгүүл болон Билл Бакхөрст нар Гамлет жүжгийг эмгэнэлт боловч хошигнол дүүрэн найруулгатайгаар шинэчлэн туурвисан бөгөөд тус жүжиг нь Шекспирийн зохиолуудаас хамгийн урт мөн гүн утга санааг илэрхийлдгээрээ алдартай билээ.

Дашрамд сонирхуулахад, Гамлет жүжгийг Монголд анх урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж,дүрүүдийг нь алтан үеийн жүжигчид амьдруулж байсан түүхтэй. Үүнээс хойш 33 жилийн дараа тайзнаа амилсан хоёр дахь Гамлетийн яруу үг, утга агуулга Х.Мэргэний орчуулга, УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар шинэчилсэн найруулгаар тавигдсан нь саяхан. Тухайн үед Данийн ханхүү болон түүний хүрээлэн буй хар цагаан нийгмийн тухай өгүүлэх Гамлет жүжгийг ийнхүү дахин хүргэсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Анх  “Бөмбөгөр ногоон” буюу “Улсын төв театр” нэртэйгээр үүд хаалгаа нээж байсан УДЭТ 84 жилийн турш оршин тогтнохдоо соён гэгээрүүлэх, урлагийг түгээн дэлгэрүүлэх ажлыг өрнүүлж, театрын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхүйц 400 гаруй сонгодог, түүхэн, бэсрэг, хүүхдийн жүжгүүдийг тайзнаа тавьж Монголын ард түмний оюун болон сэтгэлийн мэлмийг гэрэлтүүлсээр байна. Тайзны жүжгийн уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэгч УДЭТ нь энэ намрын нээлтийн жүжгээр Шекспирийн Ромео Жульетта эмгэнэлт хайрын түүхийг үзэгч түмний зүрхэнд шигтгэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.