Дэлхийд

Дональд Трамп Ойрхи Дорнодын улсуудаас мөнгө авна гэв

О.Намуун
2015-08-16 23:47

2016 онд зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трамп нэр дэвшиж байгаа билээ. Тэрээр ням гарагт NBC-ын "Хэвлэлтэй уулзъя" хэмээх өргөн хүрээтэй цацагддаг ярилцлагын нэвтрүүлэгт орсон бөгөөд үүгээр дамжуулан ирээдүйд хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан байна.

Юун түрүүнд тэрээр Исламын улстай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Исламын улсыг ялахын тулд Иракийн хяналтад байгаа газрын тосны орд буюу тэдний баялгийг нь булаан авах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Харин дэлхийн терроризмыг үндэслэгч улсыг Саудын Араб хэмээн буруушааж тэднийг Йемений босогчидтой тэмцэхэд хөрш улсууддаа туслах хэрэгтэй гэв. Тэрээр "Саудын Арабтай холбоотой байдаг нь тэдний газрын тосноос л болдог. Одоо бидэнд тийм ч их газрын тос хэрэггүй. Манай улсын байгалийн хий, газрын тосны үйлдвэрлэл өсч байгаа. Тэд хэрвээ хөрш улсууддаа тусалбал бид ч тэдэнд туслах болно. Гол нь үүнийхээ оронд ямар ч хариу нэхэхгүй. Учир нь энэ бол дэлхийн хэмжээний асуудал" гэв. Мөн АНУ-ын дэмжлэгийг авдаг Ойрхи дорнодын улсуудаас мөнгө шаардана хэмээн мэдэгдлээ. Учир нь тэдний дэмжлэггүйгээр зарим улсууд оршин тогтнох боломжгүй гэж үзжээ. Үүнээс гадна:

  • Үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад улсаас санхүүжилт олгохыг эсэргүүцэх аж. Тэрээр хүчингийн хэрэг, цус ойртолт болон эхийн амийг аврах шаардлагатайгаас болж үр хөндөж болно бусад тохиолдолд эсэргүүцнэ.
  • Цагаачдын тухайд тэрээр Ерөнхийлөгч Барак Обамагын тушаалыг хүчингүй болгож, хууль бус оршин суугчдыг буцаах юм. Хууль ёсны дагуу л оршин суух боломжтой бөгөөд бүхэл бүтэн шинэ стандарттай болно.
  • Хувийн байгууллагууд ажилтнаа ижил хүйстэн байлаа гээд ажлаас нь халж болохгүй.
  • Лобби компаниудад тавьж буй хоригийг ирэх 3,4 жилд үргэлжлүүлнэ зэрэг ирээдүйд хэрэгжүүлэх бодлогуудаа танилцууллаа.