Дэлхийд

Экологийн өрийн өдөр: Бид жилийнхээ нөөцийг эхний 8 сард л дуусгажээ

О.Намуун
2015-08-17 01:37

Дэлхий дахинаа Экологийн өрийн өдөр энэ сарын 13-ны өдөр тохиолоо. Түүнчлэн энэ өдрийг "Earth overshoot day" буюу Дэлхийн илүү өдөр хэмээн нэрлэх нь ч бий.

Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн жилийнхээ ашиглах ёстой нөөцийг хэрэглэж дууссан өдрийг ийн нэрлэдэг юм. Харин энэ жил бид жилийнхээ нөөцийг эхний 8 сард л ашиглаад дуусгачихсан байна. Одооноос эхлээд хүн амын хэрэглээ болон байгалийн нөөцийн ашиглалт дэлхийд тогтворгүй дарамт учруулна гэсэн үг юм. 2014 онд мөн л 8 сарын 19-нд уг өдөр тохиож байжээ.

Дэлхийн тогтвортой байдлыг хангах энэхүү тооцоолол нь харьцангуй сүүлийн үеийн ойлголт билээ. Учир нь 1970 оны эхэн үеэс хүн төрөлхтний хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, үүний уршгаар нүүрстөрөгчийн ялгарал хоёр дахин ихэссэн байдаг. 

Хүн төрөлхтний хэрэглээ энэ хэвээр өссөөр байвал энэ жил дуусахад 1,6 гарагтай тэнцэхүйц нөөц ашиглах болоод байгаа юм. Харин 2030 он гэхэд жил бүр 2 гарагтай тэнцэхүйц нөөц ашигладаг болох тооцоо бий. Үүнийг багасгах гол арга бол нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах явдал бөгөөд 30 хувиар бууруулж чадвал 2030 он гэхэд тус өдөр 9 сарын 16 болж нэг сараар хойшлох эерэг дүн харагдах юм.