Дэлхийд

Нигер улс үлгэрийн "Элдорадо" хотыг бүтээж байна

О.Намуун
2015-08-17 23:24

Нигерийн хуучин нийслэл Лагос мужийн Засгийн газар Нигер бүр цаашлаад Баруун Африкийн санхүүгийн төв болох шинэ хот барьж буйгаа мэдэгдлээ. Эко Атлант нэртэй уг хотыг барьж байгуулах ажил маш том хэмжээний төсөл бөгөөд хөрөнгө оруулагчид, төлөвлөгч, инженерийн тусламжтайгаар ажил ахицтай явж байгаа аж.

Дубайн эсрэг Африкийн хариу цохилт болгон босгож буй уг Эко Атлант хот нь олон тэрбум доллараар бүтсэн оршин суух болон бизнес эрхлэхэд дээд зэрэглэлийн таатай газар болно хэмээн төслийн багийнхан мэдээлж байна. Энэ нь Лагос дахь алдарт “Бар” далайн эрэг дагуу бөгөөд Виктория арлын дэргэд байрлах ажээ.

Уг төслийн онцлог:

  • Атлантын далайн арван хавтгай дөрвөлжин км (3.86 квадрат миль) газраас бүрдэх юм.
  • 250,000 хүн ам оршин суух бөгөөд 150,000 хүнд ажлын байр бий болно.
  • Бүх талаараа байгальд ээлтэй, дэлхийн хэмжээний хот байх болно.
  • Үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагааг хотдоо татаж, байршуулна.

Тус хот нь ил тод байдал, сайн засаглал, өндөр стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах бөгөөд аюулгүй байдлыг бие даасан стандартаар шийдэхээр зэхэж байна. Ариун цэвэр, эрүүл мэнд, эрчим хүчний хангамж, байгаль орчин болон бусад хууль дүрмүүд Лондон, Нью-Йорк, Парис, Дубай, Шанхай зэрэг хотуудтай харьцуулагдахуйц өндөр стандарттай байх ажээ.