Улсын их хурал

Дотоодын үйлдвэрлэлтэй өрсөлдөхүйц импортын зарим барааны татварыг нэмлээ

О.Намуун
2015-08-20 05:42

Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 17-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ

Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Вестерн Холд” компани баруун бүсийн хөгжлийг түргэтгэх, үйлдвэржилтийг дэмжих, орон нутагт байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор орон нутагтаа 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан байна. Төсөл хэрэгжсэнээр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр баруун бүсийн зах зээлийг бүрэн хангаж, валютын гадагш чиглэлтэй урсгалыг саармагжуулан, улсын төсөвт их хэмжээний татварын орлого төвлөрүүлэх, орчин үеийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, баруун бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал үр дүнд хүргэнэ.

Концессын жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгох, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах үүднээс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих гурван төслийг жагсаалтад шинээр нэмлээ.

Багануур-Чойр 178 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын станц, дэд станц барих төслийг барих-шилжүүлэх, Багануур-Улаанбаатар 157 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийг зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх, Улаанбаатар-Мандалговь 330 кВ-ын габириттай цахилгаан дамжуулах агаарын шугам, хоёр дэд станцын төслийг зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ.

Мөн жагсаалтад дурдсан Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл, Аглаг бүтээлийн хийд хүртэлх 7 км авто зам барих ажлын төслийг концессын шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ. Амарбаясгалант хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын хөвдөг гүүр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гүүрийн барилгын ажлын төслүүд нь зураг төсөл хийгдээгүй байгаа учраас төслийг хэрэгжүүлэх концессын төрөлд “зураг төсөл боловсруулах” гэж нэмэхээр шийдвэрлэлээ.

Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Улсын Их Хурал “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна.

Дотоодод үйлдвэрлэж байгаа, импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг нэмэгдүүллээ. Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, тодруулбал өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх,  автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоолоо.Татварын хэмжээг ингэж нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулна

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох тухай санал тавьсан. Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд банк үүсгэн байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2014 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүн орнууд гарын үсэг зурснаар бэлтгэл ажил эхэлжээ.

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн оронд нэгдсэнээр дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн сүлжээг тэлэх замаар хүн амын нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахуйц санхүүжилтийг авах, далайд гарцгүй хөгжиж буй улсын хувьд бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг тэлэх бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Тус банкны дүрмийн санг 100 тэрбум ам.доллар байхаар тооцсоны дагуу үүсгэн байгуулагч гишүүн орон тус бүр хувь нийлүүлнэ. Монгол Улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41 сая ам.доллар нь 0.3013 хувийн саналын эрхтэй бөгөөд үүнээс хувь нийлүүлэх 20 хувийг 5 жилийн хугацаанд 5 хуваан шилжүүлэх юм байна.

Энэтхэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улс 1978 онд Ялтан шилжүүлэх тухай Берлиний конвенцид нэгдсэн бөгөөд олон талт олон улсын баримт бичгээс гадна ялтан шилжүүлэх асуудлаар хоёр талт олон улсын гэрээ байгуулж ажиллах үр дүнтэй практик олон улсад тогтжээ. Өнөөдрийн байдлаар манай улс Орос, Хятад, Солонгос, Турк, Польш, Канад, Куба улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулаад байна.

Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг, ялтан шилжүүлэх асуудлаарх Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд 5 иргэн тус улсад гэмт хэрэгт холбогдсоноос 1 иргэн ял шийтгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ял эдэлж буй иргэн байхгүй боловч эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Монголын тал гэрээ байгуулах саналаа хүргүүлж, Энэтхэгийн талын дэмжлэгийг аваад байна.

2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталлаа. Хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан байна.

10 төрийн өмчийн компани, 5 төрийн өмчийн оролцоотой компани нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар шийдвэрлэлээ. Дулааны цахилгаан станц- 2, 3, 4, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 70 хувийг, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34 хувийг тус тус төрийн эзэмшилд үлдээх бол Оргил рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг 100 хувь, Кино урлагийн дээд сургууль, “Авто импексХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчилна.

Дотоодоос худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталлаа

 Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн даалгаварт дотоодын үйлдвэрээс худалдан авахаар жагсаалтаар баталсан барааг нийлүүлэх шаардлагыг тусгаж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг батлан хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрийн барааг худалдан авах хэмжээ нэг жилийн дотор 5 тэрбумаас 50 тэрбум болж 10 дахин өссөн байна. Олон улсын стандартын түвшинд бүтээгдэхүүнээ хүргэсэн олон тооны үйлдвэрлэгчид байгаа боловч, борлуулалт хангалтгүй импортын хямд, чанаргүй хуурамч бараанд зах зээлээ алдаж байгаа үед аль болох импортын бараанаас татгалзаж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлага гарсаар байна. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталснаар төрийн бүх шатны байгууллагууд дотооддоо үйлдвэрлэсэн барааг худалдан авах ойлголттой болж, импортыг орлох бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон ажлын байр нэмэгдэх юм. Барааны жагсаалтад бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнээс гадна савхин хувцас, бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, зам барилгын материал, төмөр хийц, сав баглаа боодол зэрэг 12 нэр төрлийн 100 орчим барааг багтаажээ.

Түүнчлэн:

- Ази-Европын Дээд түвшний уулзалтын үеэр гадаад улсуудын төрийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрлөө.

- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ-ийг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдах “Дэлхийн Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Токио 2015” болон Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам ба Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг үзэглэх арга хэмжээнд Япон Улсын Засгийн газрын зардлаар оролцохыг зөвшөөрөв.

- Экспортод гаргасан, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувьтай тэнцүү байх ноос, ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа.