Нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденкогийн "Соло Концертын Үдэш" тоглолт болно
Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 жилийн ойд зориулсан нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденко түүний сонгодог хөгжмийн тоглолт ирэх сарын 4-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Тоглолтыг Гранат Музык Продакшн, ОХУ-ын ART-BRAND Artist Management-ээс зохион байгуулж байгаа ажээ. Мөн тоглолтын найруулагч, удирдаачаар та бүхний сайн мэддэг "Cinema Night" цуврал тоглолтууд, "Michael Jackson Forever" симфони тоглолт, "Best of Hollywood" болон "Chrsitmas Night" цуврал симфони тоглолтуудаар нь олонд танигдсан төгөлдөр хуурч Б.Анар ажиллаж байгаа юм.
Нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденко нь хуучнаар ЗХУ-ын Украин улсаас гаралтай бөгөөд тэрээр одоо АНУ-ын Даллас хотод гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаа билээ. Тэрээр 6 настайгаасаа анх төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж улмаар 9 настайгаасаа Симфони найрал хөгжимтэй (Оркестр) гоцлол (Соло) концертоо тавьж анхны гараагаа эхэлсэн гэдэг. Өнөөг хүртэл Вадим томоохон аялан тоглолтуудаа дэлхийн алдартай түүхэн театр, концертын танхимуудад олон нэртэй удирдаач, симфони оркестр, уран бүтээлч нартай хамтран уран бүтээлээ үзэгч шүтэн бишрэгч нартаа зориулан тоглож ирсэн юм. Тэрээр дэлхийн урдаа барьдаг Оросын алдарт П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторит нэрт төгөлдөр хуурч, урлаг судлаач Оросын АЖ проф. Веры Горностаевой дээр сурч төгсөөд улмаар тус сургуульдаа хүндэт багш болсон юм. Вадим суралцаж байх хугацаандаа дэлхийн олон томоохон төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан тэмцээнд Гранпри, Тэргүүн, Дэд байруудыг хүртэж байсны дундаас хамгийн сүүлд 2013 онд АНУ-ын мэргэжлийн төгөлдөр хуурчдын номер #1 бичигддэг Домогт төгөлдөр хуурч Ван Клиберны нэрэмжит олон улсын уралдааны 1-р байр Алтан Медалийг хүртэн АНУ-д рейтингээрээ номер #1 бичигдэж 4 жилийн хугацаанд дэлхийн томоохон орнуудад тоглох 100 гаруй аялан тоглолт, олон СД, Леиблүүдээр бичүүлэх эрх, хамтран ажиллах төслүүдээр шагнагдсан шилдэг залуу төгөлдөр хуурч юм.