Нийгэм

Баянгол дүүрэг 100 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно

Bolor Rose
2015-08-31 01:44

 Нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон БГД-ийн ЭМН-ийн дарга Ө.Батжаргал, албаны бусад хүмүүс өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн VII төвд ажиллав. Тус Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлаж, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Тус дүүрэг 23 хороотой, 200 гаруй мянган оршин суугчтай бөгөөд үүний 50 орчим мянга нь хүүхэд гэнэ. Тиймээс  тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг хомс байдаг юм байна. Тус дүүргийн хүүхдүүдийг "Эмүжин" эмнэлэг хүлээн авч, хэвтүүлэн эмчлэхээс гадна Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт мөн хэвтүүлдэг байсан аж. Харин тун удахгүй эмнэлгийн байрны засвар дуусч, хүүхдүүддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм байна. Ерөнхийдөө  Эрүүл мэндийн VII төвийн байрыг шинэчлэн засч, нэгдүгээр давхарт хүлээн авах, сэхээн амьдруулах тасгийг байгуулах бол дөрөвдүгээр давхарт 100 ортой, хэвтүүлэн эмчлэх шинэ тасгийг нээн ажиллуулах юм байна. Харин хоёр, гуравдугаар давхартаа амбулаторийн үйлчилгээ үзүүлэх ажээ. Дашрамд дурьдахад, 1983 онд анх ашиглалтад орсон тус барилгын цэвэр усны шугам, бохирын хоолойг анх удаа засварлаж байгаа бөгөөд энэ удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж байгаад эмнэлгийн ажилтнууд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Энэхүү ажилд мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тэр дундаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэн. Ингээд эмнэлгийн засварын үйл ажиллагаатай танилцах үеэр зарим хүмүүстэй ярилцсанаа хүргэе. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тун удахгүй 100 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийнэ

-Манай Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах хүүхдийн эмнэлгийн засвар шинэчлэлийн ажил амжилттай явагдаж байна. Ирэх есдүгээр сард эмнэлгээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр графикийн дагуу манай барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд шахуу хуваарьтайгаар ажиллаж байна. Үнэндээ манай дүүрэг хүн ам ихтэй, хүүхдийн эмнэлэг байхгүй учраас хүндрэлтэй байсан. Тиймээс эхний ээлжинд асуудлаа шийдэж, "Эмүжин" эмнэлэгт 60 ортой хүүхдийн тасаг байгуулсан. Харин тун удахгүй 100 ортой хүүхдийн эмнэлэг маань нээгдэж, дүүргийн ард иргэдэд тулгамдаад байсан нэг асуудал шийдэгдэнэ. Бид бас Ахмадын сэргээн засах төвтэй хамтран хүүхдийн эмнэлэг барихаар ажлаа эхэлчихсэн явж байна. Ялангуяа өвөл, ханиад томууны улиралд ачаалал ихэсдэг. Тиймээс бид өнгөрсөн жилүүдэд дотоод нөөц бололцооогоо ашиглаад эмнэлгүүд дээрээ түр хэвтүүлэн, эмчлэх маягаар давж байсан бол энэ жилийн хувьд эдгээр асуудлыг тодохой хэмжээгээр шийдэж чадна гэж үзэж байна. Эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилд олон талын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Улс, нийслэл, дүүргийн төсвөөс гадна хувийн команиуд ч мөн бидний ажилд тусалж байгаа. Эдгээр хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье.

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал: Эмнэлгийн засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг төсөвт суулгаж өгнө гэдэг хамгийн чухал ажил 

 

-Хүмүүсийн нэрлэж заншсанаар Эрүүл мэндийн VII төвдөө 245 мянган иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан. 1995 онд анх эмнэлэгтээ 60 ортой тасгийг байгуулж байсан туршлагадаа үндэслээд шинээр ашиглалтад орох хүүхдийн эмнэлгээ хүлээж автлаа эндээ 100 ортой хүүхдийн тасгийг байгуулахаар шийдэж, ажлаа эхэлсэн. Хамгийн гол нь хүүхдүүд болон эцэг, эхчүүдийн тав тухтай байх орчныг бүрдүүлэх үүднээс нэг, дөрөвдүгээр давхартаа хүүхдийн тасгаа байгуулж байна. Шинэ сайхан эмнэлэгтэй болохын өмнө дагалдах тоног төхөөрөмж, ажиллах эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой. Энэ ч үүднээс бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн саналаа холбогох хүмүүст нь тавьсан. Ингээд одоогийн байдлаар хүүхдийн эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, лаборант гээд 50 хүний орон тоо гарч байгаа.Тиймээс бид ажиллах хүмүүсээ бэлтгээд аваад эхэлчихсэн байгаа. Нэгэнт асуудлаа мэдэж байгаа болохоор бид өнгөрсөн жилээс тоног төхөөрөмжийнхөө захиалгыг ЭМСЯ, НЭМГ-т өгчихсөн байсан. Тендер нь зарлагдаад, одоогоор тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдэж байгаа. Үүнээс гадна 100 ороо яг хүүхдийн зориулалттай ор, шүүгээ, сандлын хамт авахаар захиалгаа өгсөн. Эмнэлэг ашиглалтад ороход дөрөвдүгээр давхартаа эргэлтийн өрөө, амралтын өрөө зэргийг байгуулахаар мөн ажиллаж байна. Хамгийн гол нь энэхүү ажлыг хийхэд манай дүүргээс сонгогдсон гишүүдийн хүчин зүтгэл их байгааг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. Эмнэлгийн засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг төсөвт суулгаж өгнө гэдэг хамгийн чухал ажил. Тиймээс бид УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нартаа талархаж байгаагаа дүүргийнхээ иргэдийн өмнөөс илэрхийлье.  

 

Энэ өдрийн дараагийн очсон газар бол Баянгол дүүргийн I хорооны иргэдэд үйлчилдэг "Учрахуй" өрхийн эмнэлэг байв. Тус дүүргийн 23 хорооны өрхийн эмнэлгүүд дөрвөн бүсэд хуваагддаг бөгөөд өөр өөрийн гэсэн өвөрмөц үйлчилгээтэй гэнэ. Тухайлбал, "Учрахуй" эмнэлэг физик эмчилгээнд тулгуурлан, харьяа иргэддээ үйлчилдэг аж. Цэлгэр том байшинд, цэмцгэр өрөө тасалгаатай энэ эмнэлэг рүү орсон хэн боловч өвчнөө мартах нь мэдээж биз ээ. Үйлчилгээ нь хүртэл цаанаа л нэг өөриймсөг байсан нь хэвлэлийнхний анхааралд өртөж, "Жишиг өрхийн эмнэлэг" хэмээн нэрлэсэн билээ. 

 Өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд ч дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүд маань байнга бидний ажлыг шалгадаг болохоор ажил маань урагштай, бүтэмжтэй байдаг юм хэмээн ярьж байсан. УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч "Бид энэ удаад өрхийн эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцахаас гадна өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгана. Мөн Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг "Алтай" хотхоны хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар яригдаж байгаа асуудлын хүрээнд энд ажиллаж байна. "Алтай" хотхонд нийт 6000 орчим иргэн оршин сууж байна. Гэтэл эмнэлгийн анхан шатны үйлчилгээг авах боломж алга. Тиймээс "Алтай" хотхоны иргэд болоод "Тайгам Алтай" компанийн хүсэлтээр "Учрахуй" өрхийн эмнэлгийн салбарыг тэнд байгуулахаар, байр савны асуудлаа ярьж тохирсон. Удахгүй ашиглалтад орохоор тэнд орхигдсон хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэх болно. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүд нэг иргэнээр тооцож, санхүүжилтээ авдаг. Гэтэл нэг иргэнээр санхүүжихээр зардлаа нөхөхтэй үгүйтэй ажиллаж байгаа учраас эмнэлгийн үйл ажиллагаа цааш явахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх Эрүүл мэндийн даатгалын хуулиар санхүүжилт арай өөрөөр бодогдож эхэлнэ" гэсэн юм.