Бусад

Альберт Камю: Нобелийн шагнал хүртсэнийхээ дараа багшдаа илгээсэн захидал

О.Намуун
2015-09-02 02:22

Амьдралд нь хүчтэй нөлөө үзүүлж, гүн гүнзгий мөр үлдээсэн хүнд талархлаа илэрхийлнэ гэдэг юутай сайхан. Ийм талархлын хамгийн сайхан жишээ бол францын нэрт зохиолч, нобелийн шагналтан Альберт Камюгийн аз жаргал болон хайрын утга учрыг олоход нь тусалсан, хэрхэн утга учиртай амьдрахыг нь зааж өгсөн багшдаа илгээсэн талархлын захидал билээ.

Камюг ой ч хүрээгүй байхад аав нь Дэлхийн нэгдүгээр дайнд байлдаж яваад өөд болсон байна. Аавыгаа өнгөрснөөс хойш тэрээр ах болон бичиг үсэг тайлагдаагүй, бараг л дүлийрсэн ээж, харгис, хэрцгий эмээтэйгээ өсчээ. Түүнд ямар ч гэрэлт ирээдүй байгаагүй ч Луи Жермен түүнээс ямар нэгэн онцгой зүйлийг олж харжээ. Ийнхүү Жермен түүний багш гэгдэх болж, зорилгынх нь төлөө хамт тэмцэх болсноор Камю гутранги үзлээсээ салж, ирээдүйн их амжилтынхаа эхлэлийг тавьсан ажээ.

Үүнээс 30 гаруй жилийн дараа Камю нобелийн шагнал хүртсэн хоёр дахь хамгийн залуу хүн болов. Шагнал авсныхаа дараа тэрээр амьдралд нь чухал нөлөө үзүүлсэн багшдаа дараах захидлыг илгээсэн гэдэг.

1957 оны арван нэгдүгээр сарын 19

Эрхэм Жерменд

Зүрх сэтгэлийнхээ үгийг танд хэлэхээсээ өмнө эргэн тойронд минь үүсээд буй үймээн бага зэрэг намдаж байгааг хэлмээр байна. Би хэтэрхий их хүндлэл, нэр төр хүртсэн мэт санагдана. Энэ мэдээг сонсоод хамгийн түрүүнд ээжийгээ дараа нь таныг бодлоо. Таньгүйгээр, өрөвдөлтэй бяцхан хүүд сунгасан таны сайхан сэтгэлгүйгээр, таны заасан бүхэнгүйгээр энэ бүхэн надад тохиолдохгүй байх байсан. Би энэ их хүндлэлийг хүлээхээр тийм ч их зүйл хийгээгүй. Гэхдээ ядаж л та миний хувьд хэн байсныг, одоо ч хэн байгааг хэлэх, таны хүчин чармайлт, таны хөдөлмөр, танд үргэлж гүнээ талархах сургуулийн бяцхан хүүд гаргасан өгөөмөр сэтгэлийг тань батлах сайхан боломжийг энэ надад өглөө. Чин зүрх сэтгэлээсээ таныгаа тэвэрье.

Альберт Камю