Дэлхийд

"Refunite" программ дүрвэгсдийг сураггүй болсон гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтооход нь тусална

О.Намуун
2015-09-06 23:34

           Сири болон бусад улс оронд болж буй зөрчил мөргөлдөөний улмаас энэ жилийн дүрвэгсдийн тоо урд өмнө байгаагүй хэмжээнд хүрээд байгаа билээ. Үүнээс болж маш олон хүн гэр бүлээсээ хагацаж, эргэн уулзах эсэх нь ч тодорхойгүй байна. 

Гэвч нэгэн гар утасны программ гэр бүлийнхээ алга болсон гишүүнийг хайж олоход нь туслах магадлал өндөр байна. Тус программыг зохион бүтээгч 1500 орчим гэр бүлийг ахин уулзуулахад нь тус болсон хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Данийн ах дүү Давид болон Кристофер Миккэлсэн нар уг программыг 2008 онд зохион бүтээсэн бөгөөд уг мэдээллийн санд нь 405,000 хэрэглэгчийн мэдээлэл байдаг ажээ. Энэхүү онцлог программын тусламжтайгаар олон хүн сураггүй алга болсон нэгнээ хайх боломжтой болж байгаа юм. Хэрэглэгчид уг программд хайж буй хүнийхээ тодорхой мэдээллийг өгсний дараа мэдээллийн сангаас өгөгдөлтэй нь тохирох хүмүүсийн мэдээллийг эргүүлэн илгээдэг байна. Үүнийг энгийн гар утас болон ухаалаг гар утасны тусламжтай ашиглах боломжтой юм.

Программыг олон улс маш их дэмжиж байгаа аж. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага, улаан загалмай болон бусад төрийн бус байгууллагууд дүрвэгсдийн мэдээллийг цуглуулахад хамтран ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн Угандагийн MTN, Шведийн Ericsson зэрэг гар утасны операторууд хамтран ажиллаж эхлээд байна.

Дүрвэгсдийг хайх маш том хэмжээний "Google" шиг хайлтын систем болж чадах юм бол дүрвэгсдийг хайх хамгийн хүчирхэг багаж болох боломжтой юм.