"Шударга ёс" эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар завсарлага авлаа
Өчигдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргав. Харин Л.Болд гишүүн “Бид нэгэнт ардчилсан нийгмийг байгуулсан болохоор энэ асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцэх нь зүйтэй. Нууж хаах хэрэггүй”, С.Эрдэнэ гишүүн “Гишүүд хөшигний цаана нэг юм ярьчхаад, нийгэмдээ хандан тэс өөр зүйл ярьж, ардын баатар болдог. Иймд нээлттэй хэлэлцэх нь зүйтэй” гэх зэрэг санал гаргалаа. Ийнхүү Ц.Оюунбаатар гишүүний гаргасан саналын дагуу санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн хоригийг хаалттай хэлэлцэхийг олонх нь дэмжсэнгүй.
Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.
Ч.Өнөрбаяр: Манайд өмнө нь хэсэгчилсэн хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээж авч байсан туршлага бий. Ерөнхийлөгчийн хоригт 4.1-т орсон 7 заалтыг 9.1-т оруулахаар тусгасан байгаа. Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах заалтыг тусгах ёстой. Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх заалтыг заавал тусгах ёстой. Жирийн иргэд олноор үйлддэг танхайрах, дээрэмдэх, бусдын биед санаатай гэмтэл учруулах зэрэг хэргээс 2 жил хасахаар хоригт заасан. Өмнө нь 2008 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч Татварын өршөөлийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьж байсан.
Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулж дууссаны дараа гишүүд саналаа хэлэв:
Р.Гончигдорж: Ерөнхийлөгч ишлэл хийсэн заалтууддаа хориг тавьсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хориг гэх үг улс төрийн тоглолт болоод нийгэмд талцал үүсгэж байна. Энэ бол Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхийн алдаа. Өршөөлийн тухай хууль үнэн хэрэгтээ Авилгыг зогсоход чиглэгдсэн. Бүхнийг ил тод болгосноор ийм нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Мөр/байцаах шатанд явж буй хэрэгт холбогдож буй иргэн буруугаа хүлээснээр шүүхийн процессыг заавал дуусгах шаардлагагүй. Өршөөлийн хууль хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн, 2 зүйл дээр хориг тавьснаар энэ хуулийг мөрдөж эхлээгүй юм шиг ярих нь буруу.
Д.Ганбат: Гишүүдээс ирсэн саналын дагуу АТГ, Прокурорт албан бичиг илгээсэн, хариу ирсэн. Нууцын зэрэглэлтэй тул танилцуулах боломжгүй. 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй АТГ хэчнээн хэрэг илрүүлж, хэдий хэмжээний хохирлыг барагдуулсан бэ?
Ө.Энхтөр: Мөрдөн байцаах шатанд явж байгаа хэргийг олон нийтэд дэлгэх боломжгүй. Өнгөрсөн 10 жилийн байдлаар АТГ-т шалгагдсан хэргүүдээс нийт 13,5 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэн барагдуулсан байна.
Л.Болд: Би АТГ-т дуудагдаж очоод тайлбар өгч байсан. Гэтэл өнөөдөр тэр хэрэг нь надад холбогдчихсон УИХ-д орж ирж байна. Намайг БХ-ын сайд байхад 800 сая төгрөгийн хүү төлж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан. Хүүтэй зээл авсан нь үнэн ч тэрбумаар нь орлого оруулсныг яагаад тооцохгүй байгаа юм бэ. Хүүтэй зээл авсан нь үнэн ч тэрбумаар нь орлого оруулсныг яагаад тооцохгүй байгаа юм бэ. Надад нууж хаах зүйл байхгүй. Би хууль хяналтын байгууллагад асуугдаж, тайлбар өгмөөр байна. 10 улстай өрсөлдөн байж олж авсан ажлаа өнөөдөр ингэж харлуулмааргүй байна.
Ц.Оюунбаатар: Монголын түүхэнд өнөө үед хамгийн олон хүн шоронд хоригдож байна. Дээр нь 1500 хүний шорон 40 тэрбумаар барьж байна. 10 цэцэрлэг барих мөнгө.
З.Баянсэлэнгэ: Манай хууль хяналтынхан хохирогчгүй хэрэгт ял өгч байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Өршөөлийн хуультай хамт хэлэлцэх горимын салан гаргая.
Х.Тэмүүжин: Өршөөлийн хууль гарсантай холбогдуулан гурван төрлийн маргаан дэгдээд байна. Хууль хяналтын байгууллага улс төрчдөөс хараат байдалд байна. Үүнд УИХ өөрөө буруутай. Хоригийг хэлэлцэх хэлэлцүүлгийн процесс ойлгомжгүй байна. Ерөнхийлөгчийн хориглосон зүйл, заалтыг яаж шинэчлэх нь тодорхойгүй. Хууль хяналтын байгууллага улс төрчдөөс хараат байдалд байна.
Ш.Түвдэндорж: Манай улсын гадаад, дотоод мөнгөн гуйвуулга хаагдах төлөвтэй болоход бид Авилгатай тэмцэх тухай хуулийг өөрчилж, засч байсан. Түүхийг тийм байсан бол яах байсан бол гэж болдоггүйтэй адил улс төрийг бас тэгвэл тэгнэ гэж урьдчилж хэлж болохгүй.
Ж.Батзандан: Өршөөлийн хуулийг агуулгаар нь дэмжиж байгаа. Гэхдээ зохих өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй.
З.Энхболд: УИХ 6 дахь удаагаа Өршөөлийн хуулийг гаргасан. Намын харьяалал үл хамааран бүх гишүүн дэмжсэн. Тиймээс улс төржихөө болих хэрэгтэй. 4.1 болон 7-р зүйлийг бүхэлд нь хүлээж аваад, дараа нь нэг мөр Эрүүгийн хуулиа хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэж байна.
Н.Батбаяр: Хууль батлах үеийн процессын тэмдэглэлийг олон нийтэд ил болгоё. Нээлттэй хурал дээр Өршөөлийн хуулийг танайх, манайх гаргасан гэж талцаж байна. Иймд хаалттай хуралдааны тэмдэглэлийг ил болго!!
С.Эрдэнэ: Гишүүд өөрсдөө энхийн цагаан тагтаа, бусад нь хар хэрээ байсан юм шиг ярих нь буруу. Ард түмнээс сонгогдож орж ирсэн 76 гишүүн ойлголцол, хамтын ажиллагаагаа дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллая. Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх горимын саналтай байна.
"Шударга ёс" эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар завсарлага авснаар Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.