Нийгэм

Шинэ болон хуучин орон сууцны үнэ унасаар байна

О.Намуун
2015-09-09 07:59

     Монголбанкнаас 2015 оны 08-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулжээ. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолдог бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4954 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс 08-р сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ буурч байгаагаас орон сууцны дундаж үнэ буурахад нөлөөлжээ.

 

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын орон сууцны үнийн жилийн бууралт нь -10.1 хувьд хүрчээ.

 

 

Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 8 дугаар сарын байдлаар 2,0800,000 төгрөг болж өмнөх сараас 3.0%, өнгөрсөн оны мөн үеэс 6.2%-иар буурсан байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 2015 оны 8 дугаар сарын байдлаар 90,400,000 төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар тус тус буурсан байна. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Орон сууцны үнийн уналт худалдан авалт эрс буурсан, төлбөрийн чадвар суларсан зэрэгтэй шууд холбоотой юм. Тогтмол буурч байгаа нь нэг талаар таатай мэдээ боловч нөгөө талаар ард иргэдийн худалдан авах чадвар буурсныг харуулж байна.


  1. 126.205.143.* Зочин 2015-09-10 07:38
    2,0800,000 Gej buruu bichsen bna. Zasvarlaarai. Chuhal medee, bayarlalaa.