Дэлхийд

Орос Сири улс руу байлдааны онгоц, цэргийн хүч илгээжээ

О.Намуун
2015-09-10 00:11

Орос Сири улс рүү байлдааны усан онгоц, агаарын хөлөг, түүнчлэн цөөн тооны цэргийн хүч илгээсэн тухай АНУ-ын нэрээ нууцалсан, албаны хоёр хүн Рейтерс агентлагт мэдээлсэн байна.

Тэдний хэлж буйгаар Сири улс цэргийн хүчээ зузаатгаж буйн хамгийн сүүлийн үеийн шинж энэ болоод байгаа аж. Түүнчлэн ийнхүү цэргийн хүч илгээх болсон Оросын зорилго тодорхойгүй байгаа юм. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас албан ёсны мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Дамаскийн уламжлалт зэвсэг нийлүүлэгч улс болох Орос нь дайны турш Ассадыг дэмжиж буй бөгөөд Исламын улсыг хүчтэй эсэргүүцдэг билээ. Тиймээс Оросын талыг Сирийн дайнд Ассадын хүчийг дэмжихээр оролцох магадлалтай байна хэмээн мэдээлсэн байна. Тэдний тооцоолж буйгаар олон арван тэнгисийн цэрэг аль хэдийн Сирид газардсан байгаа ажээ. Мөн байлдааны хөлөг онгоц өнгөрсөн өдрүүдэд Латакиан өмнөд хэсэгт байрлах Тартус боомтын хотод ирсэн бол нэмэлт агаарын хөлгүүд ч Латакиан ойролцоо хүргэгдэж ирээд байгаа гэнэ.

Харин Сирийн тал энэ тухай ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Ийнхүү АНУ-ын тал Ассадын удирдлагыг төгсгөл болгохын тулд улс төрийн өөрчлөлт хийхээр зорьж буй бол Орос улс Ассадын арыг хамгаалахаар ажиллаж эхлээд байна.