Улсын их хурал

М.Батчимэг: Хууль шүүхийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно гэдэгт итгэж байгаа

О.Намуун
2015-09-10 07:04

УИХ-ын гишүүн М.Батчимэг өчигдөр МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож, олон нийтийг цочролд оруулаад байгаа асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн билээ. Түүний ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.

 

Дуулиант хэргийн тухайд...

Одоогоос 3-4 сарын өмнө Тагнуулын байгууллагын удирдлага надтай уулзсан. Таны зөвлөхийг тодорхой сэжиглэх үндэслэлтэйгээр шалгах шаардлагатай байна. Гэхдээ тантай болон таны хийж байгаа ажилтай ямар ч холбоогүй, тухайн хүний ажлын бус цагаараа, хувиараа хийж байсан ажилтай холбоотой юм гэж хэлсэн. Тиймээс бид шалгах шаардлагатай байна, ажлаас нь чөлөөлж өгөөч ээ гэж хүссэн. Би хүсэлтийг ёсоор болгож, үнэн зөвийг олж шалгах ажилд нь хүндэтгэлтэй хандсан. 

Шүүх хурлын өмнө би Пагмажавтай, өмгөөлөгчтэй нь уулзсан. Тэгэхэд улсын нууцтай холбоотой зүйл байхгүй байна гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас би тайван, итгэлтэй байгаа гэж надад хэлсэн.

Өнөөдрийг хүртэл улсын нууцтай холбоотой асуудал гэдэг үүднээс хаалттай шүүх хурал болж байсан. Гэтэл өчигдөр миний хаалттай гэж бодож байсан бүхэн хэвлэлээр цацагдлаа.

79.1 гэдгийг нь харахад гадаадын тусгай албадтай хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн гэж байгаа. Би хувьдаа энэ бол анхан шатны шүүх хурлын шийдвэр, үүний дараа ахин 2 шүүхийн шийдвэр байгаа учраас үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт итгэж байна. 79.1 бол 16 жилийн ялтай хэрэг. Энэ  асуудал үнэхээр ард иргэдийг цочирдуулж байгаа. Өөрөө ч, ар гэрийнхэн нь ч тэр маш их цочролд орсон байна лээ. 

Хамтарч ажилласан гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм.

- Орчуулга хийж өгсөн гэвэл хамтрагч болох уу.
- Унаа машинаар туслаад өгсөн чинь нөгөөх нь тусгай албадтай холбоотой байсан бол хамтарч ажилласан болох уу? 

​Өөрөөр хэлбэл 79.1 гэдэг хуулийн заалт бол өөрөө маш бүрхэг заалт. Хамтарч ажилласан гээд л 16 жил. Маш хүнд сонсогдож байгаа юм. 

Би хувьдаа маш олон жил Нууцын хуулиа сайжруулъя гэж ярьж байна. Олон улсын хэмжээнд бол Нууцын хууль маш олон ангилалтай зүйл байдаг юм. Маш нууц, нууц, тодорхой хэмжээнд хаалттай гэх мэт…

Энэ зүйл заалт бүр дээр иргэн хүн хариуцлага алдаж болно. Тэгэхээр тэр тохиолдолд хариуцлагын зүйл заалт өөрөө тодорхой байх ёстой. Нэг бүхэл хайрцагт хийгээд л, нэг өгүүлбэрээр 16 жил онооно. Өнөөдөр хэнд ч ийм зүйл тохиолдож болох юм байна гэж бодогдож байна. 

Хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй бол болохгүй болчихжээ гэдгийг л энэ бүхэн харуулж байгаа юм.

 

Пагмажавын тухайд...
Пагмажав намайг стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байхад хамт ажиллаж байсан хүн. Ерөнхийлөгчийн тамгын газарт намайг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байхад миний референтээр ажиллаж байсан. 2012 онд намайг УИХ-ын гишүүн болсноос хойш миний зөвлөхөөр ажилласан.

Үнэн мөн нь тогтоогдоно гэдэг яагаад ингэж их итгэлтэй байна вэ гэхээр энэ хүн ерөөсөө улсын нууцтай харьцаж байгаагүй, хийж ирсэн ажлууд нь ч улсын нууцтай харьцдаг ажил ерөөсөө биш.
Ямар нэгэн байдлаар улсын нууц материал хулгайлсан гэдэг нь баримтаар тогтоогддоггүй л юм бол үнэн мөн нь шийдэгдчих байх. 

Нэгт, улсын нууцтай харьцдаг хүн байгаагүй. Хоёрт, эх орноо худалдах хэмжээний айхтар том мэдээлэл худалддаг байсан бол эрх биш хажууд нь ажиллаж байгаа хүний хувьд би мэдрэх байсан. 

Тэр айлын амьдрал бол нэг өрөө байртай, байрны зээлтэй, хоёр хүүхэдтэй амьдралаа авч явах гээд зүтгэж байгаа хоёр залуу хүн л байдаг.  Миний нүдэн дээр мөнгө төгрөг цацаад, хэрэглээд байгаа зүйл ерөөсөө харагддаггүй байсан. Шүүх хурлын өмнө уулзаад, юу болчхов оо? гэж асуухад амьдралдаа нэмэр болох үүднээс хувиараа орчуулга хийсэн л гэж хэлдэг.

Батчимэг яагаад хажууд нь тагнуул байхад мэддэггүй юм гэж хэвлэлээр шуугаад байгаа.  Тэр хүнд нууц материал бичиг баримт хадгалуулаад, хуваалцаад байдаг байсан бол өөр хэрэг. Ямар ч тийм юм байхгүй. 

 

ТЕГ-ын дарга Б.Хурц таны өрөөгөөр ороод гарсан тухайд

Бид угаасаа ажил албаны шугамаар тодруулах зүйл байж болно. Төрийн ажил хийж байгаа хүмүүс бие биенээсээ асууж тодруулах, уулзах бол нэг их гайхаад байх зүйл биш. 

 

Болсон үйл явдлыг ажиглаад харвал гурван зүйл ажиглагдаж байна.

Хэвлэл мэдээллийн дайн гэж юу байдаг юм бэ гэдгийг биеэрээ мэдэрсэн үйл явдал боллоо.
Батчимэг Тайваний тагнуул гэдэг мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн зэрэг цацагдсан. Чухам юу гараад ирэв, юу болов гээд хэвлэлүүдийг нягталж, харлаа. Ингэхэд гурван зүйл ажиглагдаж байна. 

Нэгт, өршөөлийн хуультай холбоотой гэдэг нь тов тодорхой байна. Урд өдөр нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авна гэсэн АН-ын дүгнэлт гарсан. Энэ бүх мэдээлэл Ерөнхийлөгч, хориг , АН-ын бүлгийн дүгнэлтээр төгсөж байна. Юу гэж байна вэ гэвэл Батчимэгийг эсвэл зөвлөхийг нь эх орноосоо урвасан хэргээс чөлөөлөхийн тулд АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй хөшигний цаана наймаалцаад ийм шийдвэр гаргачихлаа гэсэн хардалт байна. 

Хоёрт, Тайвань. Батчимэгийн сурч ирсэн, хийж ирсэн өнгөрсөн түүхийг, Пагмажавынхтай хамт бичээд энэ хоёр бол Тайваньтай холбоотой байхаас өөр аргагүй хүмүүс юм байна гэж бичиж байна. 1990 онд Монгол-Хятадын Засгийн газрын хэлэлцээрээр 15 оюутанг сургасны нэг нь би. Түүнээс хойш маш олон хүн суралцсан. БНХАУ-д, Тайваньд олон жил ажилласан, ажилладаг дипломат ажилтнууд ч өчнөөн байна. Энэ логикоор бол БНХАУ-д, Тайваньд суралцаж, тэнд хэдэн жил ажиллаад ирсэн л бол тагнуул болж таарах нь байна. 

Гуравт, энэ бол сонгууль ойртож байгаагийн дохио юм байна. Би Эрдэнэтийн Орхон аймгийн АН-ын даргаар ажиллаж байгаа. Эрдэнэтийн тойрог дээр нэр дэвших сонирхлоо илэрхийлээд эхэлчихсэн зарим нэг өөр намын гишүүдээс иймэрхүү юм харагдаж байна. Би хоёр долоо хоногийн өмнө зарим хүний хэлдгээр бол нэлээд хурц ярилцлага өгсөн. Үүнтэй холбоотой энэ хүнийг чимээгүй болгоё гэсэн дайралтууд явж байгаа юм байна гэж ойлгож байгаа.

Тэр хэргийн асуудал бол шүүхээрээ явна. Би хууль шүүхийн байгууллагыг үнэн зөвийг нь тогтооно гэдэгт итгэж байгаа. Харин Батчимэгтэй холбоотой асуудал бол тусдаа асуудал. Зорилготой дайралт.

Жилийн жилд л сонгууль дөхөөд ирэхээр манайд баахан Хятадын тагнуул төрөөд эхэлдэг. Монголчуудын үндэсний үзэл дээр тоглож улс төр хийж байгаа нь хамгийн улс орноо боддоггүй, хамгийн болхи бүдүүлэг улс төр. Энэ бол Монгол улсыг хөрш орнуудтай дайсагнуулах, харилцаа, итгэлцэл муутгах зам руу явуулж байгаа хамгийн буруу арга зам. Бид хоёр том гүрний дунд оршиж байна. Ард түмэн амар жимир аж төрж, эдийн засгаа хөгжүүлээд явъя гэвэл хоёр хөрштэйгөө бид найрсаг сайхан харилцаатай байх ёстой.

 

Таны өгсөн “хурц” ярилцлагын тухайд...

“УИХ тарах ёстой” гэсэн ярилцлага хэн нэгний эсрэг чиглэсэн ярилцлага байгаагүй. Ерөнхийдөө УИХ-аар авилга, хээл хахууль авах, зуучлахыг өршөөлд хамруулах заалт батлагдсанд хувьдаа цочирдсон. УИХ яагаад авилга, хээл хахуулийг өршөөнө гэдэг заалт бичээд, өршөөлд хамруулах хэмжээний шийдвэр гаргахад хүрэв. Засгийн газраас өргөн барьсан хуулинд авилга, хээл хахууль авах зуучлах нь өршөөлд хамрагдахгүй заалтад байсан. Үндсэндээ бол “Шударга ёс” эвслийн маш хүчтэй шахалтаар явсан гэдгийг бол УИХ-ын гишүүд бүгдээрээ мэдэж байгаа. 

Энэ асуудал дээр ийм шийдвэр гарч байгаа учраас цаашдаа том том асуудлууд дээр алдаатай шийдвэр гарах вий гэсэн болгоомжлолын үүднээс өгсөн ярилцлага. Улс орноо бодож гарц, гаргалгаатай ярилцлага өгсөн гэж бодож байгаа. 
Монголчууд хэлдэг Монгол хүн нүүхдээ бууриа цэвэрлээд нүүдэг. Энэ 76-гийн бүрэн эрх л дуусаж байвал дараа нь улс орон яасан ч хамаагүй гэж хандаж болохгүй. Хурц ярилцлага болсон юм шиг байна гэж хэлж байгаагийн шалтгаан бол маш олон хүн таны ярьсан байр суурийг дэмжиж байгаа шүү гэддгээ илэрхийлсэн. Харин нөгөө талаас маш олон хүн эмзэглэсэн. Зарим удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүнээсээ татгалз гэдэг шахалт надад ирсэн.

 

Намынхаа дотоод зөрчлийн тухайд...

Улс төрийн зорилготой янз бүрийн мэдээлэл хэвлэлээр явж байна. АН-ыг хийж бүтээсэн болгоныг хэтэрхий харлуулах гэсэн, бүх юмыг АН-ын буруу гэж тулгасан тийм улс төрийн тоглолтууд явж байгаа. Сонгууль дөхөж байна. АН-д алдаа оноо бий. Гэхдээ 25 жилд бий болсон Ардчилал энэ намын түүхтэй холбоотой. Улс төрийн намын төлөвшил гэдэг чинь тийм ч амархан бий болчихдог зүйл биш юм байна гэдгийг түүх харуулж байна. Өнөөдрийн бидний туулж буй дотоод зөрчил болгон бидэнд сургамж болно.

Одоо төлөвшцөн байгаа намууд улс төрийн суурь гэдгийг ойлгох ёстой. Тийм учраас намыг хэтэрхий харлуулах нь нэг талын туйлшрал. Гэхдээ бид шинэчлэлийн төлөө, сайжруулахын төлөө явах ёстой. Энэ бидний хийх ёстой зүйл.

Өнөөдрийн хийсэн алдаагаа, маргааш яаж давтахгүй байх вэ гэдгийг л бодох ёстой.

Өнөөдрийн энэ улс төртэй холбоотой олон асуудлуудын 50% нь хаацайлах аргагүй улс төрчидтэй холбоотой, 50% нь тогтолцооны хямрал гэж би байнга хэлдэг. Биднийг хямрааж байгаа энэ тогтолцооны талаар ярихгүйгээр зөвхөн удирдлага, гишүүдийн тухай яриад юу ч өөрчлөгдөхгүй.


  1. 27.123.214.* zaz 2015-09-10 17:09
    Ard tumen mini naaduul chin yuch gej magad heniig n ch buu songo.odoo bolii.ard tumen oorsdoo hunee dewshuulcgeeh estoi
  2. 27.123.214.* Зочин 2015-09-10 17:07
    Ene ireh songuuliar odoo baigaa gishuudees heniig n ch buu songo.naaduul chin oroondoo orood hen yu gej helhee tolowlchihood bidnii nudend bolhoor bie bieruugee dairsan dur uzuulj bgaan.oor ner dewshih songogdoh zam uldeegui yum chin