“Богд хааны ордон Анимагийн нүдээр” нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулна
Дэлхийн олон оронд нийгэмдээ хандсан олон нийтийг нийгмийн сайн сайханд уриалсан үйл ажиллагааг зохион байгуулах нь бүх нийтийн үүрэг байдаг. Орчин цагийн хүмүүсийн завгүй амьдрал, өнөөгийн нийгмийн хурдацтай өөрчлөлт хөгжлийн дунд бид урлагийн гайхалтай бүтээл, өв соёл, түүхэн дурсгалт газрыг үзэж сонирхох цаг зарцуулахын сацуу нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүст хандсан үйлчилгээ үзүүлж тэдний онцлог, бэрхшээл, хичээл зүтгэл, авьяас чадварын тухай мэдэж бас бодож амждаггүй билээ.
Тэгвэл энэ удаа Богд хааны ордон музей та бүхнийг завгүй амьдралаасаа түр ч атугай амсхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байгаа аж.
Монгол улсын соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Богд хааны ордон музей”, “Анима” дүрслэх урлаг, дизайны сургууль, “Маршал” арт галерей хамтран “Богд хааны ордон Анимагийн нүдээр” нэртэй олон нийтийг нийгмийн сайн сайханд уриалсан сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагааны гол зорилго нь манай оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах хөгжих эрх хангагдаж чадаж байгаа эсэх, байгууллага, хувь хүмүүс тэдний төлөө юу хийж болох, ямар туслалцаа үзүүлж чадах вэ гэдэг тухай бодомж, санал санаачлагыг олон нийтэд бий болгох, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нөөц боломж, байгалийн өгөгдөл, авьяас чадвар байдгийг олон нийтэд харуулахад оршино.
Анима сургууль нь жирийн хүүхдүүдийг сургахаас гадна нийгмийн эмзэг давхаргын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн авч сургадгаараа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад ижил төстэй сургуулиудаасаа онцлог ажээ. 2015 оны 09-р сарын 11-ны өдөр Анима сургуулийн жирийн болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлөөлөл Богд хааны ордон музейг албан ёсны тайлбарлагчийн хамт үзэж сонирхохоос гадна өөрсдийн оролцоот байдлаар музейд чөлөөт цагаа өнгөрүүлэн уран барилгын гайхалтай дурсгал болох Богд хааны ордны байгууламжийг өөрсдийн өнгө төрхөөр бүтээж зурах юм байна. Мөн энэ өдөр Богд хааны ордон музейн боловсролын хөтөлбөрүүдээс хамгийн ихээр эцэг эх, багш нарын талархлыг хүлээдэг “12 жилийн амьтад ба Богд хаан ямар жилтэй вэ” хөтөлбөртөө Хан-Уул дүүргийн Орхон цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийг хамруулахаар бэлтгээд байгаа юм байна.
Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургууль нь 1994 онд зураач Я.Булган, С.Машбат нарын санаачлагаар үүсгэн байгуулагдаж эдүгээ 6 мэргэжлээр 200 гаруй оюутан төгсгөөд байна. Я.Булган нь “Өвгөн хуурч” зургаараа олон танигдсан Монгол улсын төрийн соёрхолт, ардын зураач Үржнээгийн Ядамсүрэн гуайн ач охин билээ.
Дүрслэн урлана гэдэг зураач, бүтээлчээс цаг ямагт цаас, харандаа, гуаш, бийрнээс авахуулаад мольберт, планшет гээд л тоймгүй олон хэрэгслийг шаардаж байдаг. Энэ удаагийн арга хэмжээнд “Wine and Canvas” арга хэмжээгээрээ дүрслэх урлаг сонирхогчдын очих дуртай газар болсон “Маршал арт галерей” анхаарлаа хандуулан оюутнуудын зураг зурах боломжийг бүрдүүлэн музейн санаачлагыг дэмжин ажиллаж байгааг дурдахад таатай байна.