Улсын их хурал

УИХ-ын дарга З.Энхболд : УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтийг ЗГ-т даатгаад зөнд нь орхихгүй

М.Энхмаа
2015-09-14 00:09

Өчигдөр байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болжээ.

Хүндэтгэлийн хуралдаанд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Ч.Сайханбилэг, 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар, Улсын Бага хурлын гишүүд, үе үеийн УИХ-ын гишүүд болон харьяа байгууллагын дарга нар, УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтнууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцсон аж.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдын  хэлсэн үгийг эшлэн хүргэж байна.

- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад  иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог жигд хангаж, боловсруулалтын шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай.

- Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг ул үндэстэй олон жилийн настай байхаар боловсруулж 2015 оны намрын чуулганаар батлах нь чухал байна. Парламентаас баталсан  ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй нийцүүлэн баталдаг болох хэрэгтэй.  

- УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтийг ЗГ-т даатгаад зөнд нь орхих бус, харин Үндсэн хуулиар олгогдсон хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх ЗГ-ын гишүүдийн тайланг авч хэлэлцдэг байх, түүнчлэн өөрөө болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагаар дамжуулан хуулийн биелэлтийг хянан шалгаж байгаа ажлын үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна.

- Төсвийн төслийг парламентаар  хэлэлцэх, батлах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих бүх процессыг парламентын үйл ажиллагааны жилийн турш тасралтгүй үргэлжлэх нэгэн гол чиглэл болгон хэвшүүлэх хэрэгтэй байна.

- Сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой. Эдгээр хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн тухай хууль аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

- Монгол улсад парламентат ёсыг хөгжүүлэн төгөлдөржүүлэх нь үе үеийн УИХ-ын байнгын анхааралд байж ирсэн, цаашид ч байх ёстой юм. УИХ-ын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, парламент хоорондын харилцааг хөгжүүлж, бусдын сайн туршлагыг нэвтрүүлэх нь  хууль тогтоогчид бидний нэг чухал зорилт байх болно.