Р.Бурмаа : Хөдөө аж ахуй уул уурхайгаас илүү баялаг олдог болно
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 8-11-нд БНХАУ-ын Далянь хотод ажлын айлчлал хийсэн.
Тэрээр айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь Монголоос нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудал байсан юм.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Монголын үндэсний телевизийн “Ярилцъя” нэвтрүүлэгт оролцон ярилцжээ .
Түүний ярилцлагыг тоймлон хүргэж байна.
-Эдийн засаг олон тулгууртай болохын тулд ХАА-н үйлдвэрлэлийг эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байгаа. Үүний хамгийн чухал зүйл нь махны экспорт. Нэг тэрбум долларын худалдаа хийх бололцоотой гэсэн мэдээ дуулдсан ?
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр нэг тэрбум долларын мах худалдаж авах бололцоотой гэдгээ мэдэгдсэн. Үүнийг багцаагаар тооцоолбол 10сая орчим мал, махаар бодвол 250 мянга орчим тонн мах болж байгаа юм. Өнгөрсөн жил Монгол улс оны сүүлээр 52 сая орчим мал тоологдсоноос 10 сая орчмыг хүнсэндээ хэрэглэнэ гэвэл 10 сая орчмыг экспортолж болж байгаа юм .
Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед эдийн засгийг солонгоруулахад ХАА-н салбараас ихээхэн валютыг олж ирэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах зэрэгт анхаарах хэрэгтэй байгаа юм. Сүүлийн 8 сарын хугацаанд ихээхэн хичээж ажилласны үр дүн өнөөдөр гарч байна. БНХАУ руу мах гаргахаас гадна ОХУ руу мах экспортлох ажлыг ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан Хятад, Орос улсын малын эмч нартай мал эрүүлжүүлэх асуудлыг ярьж байна.
10 сая мал экспортлох боломжтой болж байгаагийн цаана эргээд маш олон асуудал давхар шийдэгдэж байгаа юм. Экспортод авч байгаа мах махан бүтээгдэхүүн олон улсын чанарын шаардлагыг хангасан байх ёстой.
-Үнэ ханшийн хувьд ямархуу байна ?
- Бид монгол мах хамгийн үнэтэй байх бодлогыг барьж байна. Өмнө нь махны үйлдвэрүүдэд квотоо өгөөд гаргачихсан чинь тус тусдаа очиж яриад үнээ буулгачихсан байсан. 3,4 доллар байсан мах 2,4 болоод очихоор дотооддоо зарахаас ч ашиггүй боллоо гээд экспортлоогүй. Тэгэхээр бид энэ удаад нэг цонхны бодлогоор махаа гаргах бөгөөд зөвшөөрөл авсан компаниудынхаа өмнөөс бүх гэрээ хэлцлийг хийнэ. Ингэж байж бид монгол махны чанар стандарт, үнийг барих болно. Хятадын талаас эрүүл байх, нэг цонхны байх, тогтмол байх гэсэн 3 зүйлийг шаардаж байгаа.
Үүнтэй холбогдуулан бид мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдээ чанараа сайжруулах, ариун цэвэр болоод хорио цээрийн стандартад тэнцэхүйц байх тал дээр дэмжиж ажиллаж байна. Ингэснээр бид дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулсан эрүүл мах махан бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болно гэсэн үг. Мөн малаа эрүүлжүүлэх асуудалд маш их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тиймээс ч малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай, органик хүнсний тухай хуулиудыг өргөн бариад байна.
-Гадагшаа гараад байдаг монгол малын махны тухай мэдээ тийм ч сайнгүй байдаг. Монголын мах чанартай гэсэн имижийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд цэвэр байгалийн эко хүнс гэсэн утгаараа үнэ ханш нь ч гэсэн өндөр байх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм ?
- Хятадын жилдээ идэх махны бага хувийг хонины мах эзэлдэг ч үнэтэй зах зээлд нь хандаж махаа органик, хамгийн чанартай мах гэж нийлүүлнэ. Тэгэхээр эхлээд органик хүнсний тухай хуулиа баталгаажуулах хэрэгтэй. Мөн эрүүл мах гэснээ баталгаажуулах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй . Нөгөө талаар нэг цонхоор махаа гаргах гэж байгаа Монгол мах корпорацынхаа маркетингийг маш сайн хийх хэрэгтэй.
-Ямар ч байсан мах гаргах жишиг тогтоод, арга зам нь тодорхой болоод, үүд хаалга нь нээгдээд чанар стандарт, аюулгүй байдлыг нь нээгээд өглөө. Энэ нь жил болгон 10 сая мал гадагш нь гаргаад, үүнээсээ 1 тэрбум доллар олоод байх маш чухал гарцыг нээж өглөө гэж ойлгож байна.
- МАА-аасаа жилдээ 1 тэрбум доллар олно гэдэг бол маш том амжилт. Энэ нь сэргээгддэг нөхөн үрждэг баялаг.
-Малчид яаж хандах вэ ?
- Малчид маань орлоготой болохоос гадна малаа эрүүл байлгах тал дээр анхаарах болно. Мөн малын эмч, зоо техникч нар энд ажиллаж байх хугацаандаа илүү орлоготой, үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр эдийн засгийн цусны эргэлт сайжирч байгаа юм.
- Малчид үйлдвэрлэл гэсэн утгаараа малаа маллаад ирэх нь?
- Сүргийн бүтэц, насжилт зөв болно. Дээрээс нь нядалгааны 3 сарыг сунгаж өвөлд мах нийлүүлдэг болвол эргээд бордооны тэжээл, өвс хадлангийн бизнес хөгжинө. Ингээд эдийн засгийн цусны эргэлт сайжирч, эрүүлжихэд мах махан бүтээгдэхүүний экспорт үүд хаалгыг нээж байгаа юм.
Үеийн үед биднийг тэжээсээр ирсэн МАА, газар тариалан маань улс орноо эдийн засгийн хүндрэлээс авч гарах ёстой гэдэгт зорьж ажиллаж байгаагийн амжилт эхнээсээ гарч эхэлж байгаад би баяртай байна.
Энэ жил бид Хятад улстай малын үр хөврөлийг импортлох гэрээ хийсэн. Тэднийд байгаа өндөр үр ашигтай нутагшуулсан, өгөөжтэй малын үр хөврөлийг оруулж ирээд фермерийн маягаар хөгжүүлэн экспортлох боломж байна. Мөн Халх голын үржил шимтэй хөрсөнд малаа бордоод мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч байна. Энэ мэтчилэн бидэнд асар их боломж байгаа. Бид эдгээр боломжийг бий болгоод, нөхцөлүүдийг бүрдүүлээд өгвөл ХАА уул уурхайгаас илүү баялаг олдог болно.
-
150.129.142.*
Зочин
2015-09-14 20:07
aa hudlaa hudlaa0 0 Хариулах