Улсын их хурал

Өршөөлийн хуулийг өнөөдөртөө багтааж цэгцэлнэ

М.Энхмаа
2015-09-15 05:44

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан

Өнөөдөр хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Хоригийг гишүүдийг олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. Мөн хоригийн дагуу уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Ц.Оюунбаатар гишүүнийг томилжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан

Өршөөлийн хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хууль зүйн байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанаар хоригийг хэлэлцэн хүлээж авсан бөгөөд тогтоолыг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталсан байна. Ийнхүү өршөөлийн хуулийг холбогдох байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд хуулийг өнөөдөртөө багтааж батлахаар болсон юм.

Хуралдааны үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илрэхийлснийг тоймлон хүргэж байна.

Л.Болд : Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа хэргүүд тодорхойгүй байна. Хэн нэгэн албан тушаалтныг дарамтлаад шантаажинд оруулаад байгаа асуудал ямар хэрэгт багтах вэ? Энэ хэрэг өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юу? гэдэг нь маш сонирхолтой байна.  АТГ-т шалгагдаж, байцаагдаж байгаа хүнийхээ хувьд хохирол гэдгийг тодруулмаар байна.

О.Баасанхүү: Өршөөлийн хуулиар УИХ шийдвэр гаргасан. Өршөөлийн хууль хэн нэгнийг алгачлаагүй. Би ажилчин гаралтай, малчин удамтай. Ерөнхийлөгч хориг тавихдаа алийг нь алагчилсан юм бол. 350 тэрбум төгрөгийн хохиролтой асуудал дээр “Жаст”-ын Батхүүгийн зэргийн их хэмжээний хохиролтой хэрэг яригдаад байна уу, эсвэл 30 орчим холбогдогчтой асуудлыг хамааруулсан уу. УИХ-д чиглэл өгдөг ямар суббъект байдаг юм.

С.Дэмбэрэл : Хоригийг хүлээж авах нь зүйтэй. Хориг утга учиртай тавигдсан. Монголд шударга ёсны тодорхой зарчмуудыг үндэслээд хориг тавиад ирсэн. Улс төрчдийн сонирхолтой холбоотой заалтууд ороод ирэхээр энэ хууль зарчмаасаа хазайгаад ирж байгаа юм. Энэ хоригийг хүлээж авснаар жирийн хэргүүдийн өршөөл хэвээрээ үлдэнэ гэж бодож байна. Авлига албан тушаалын хэргүүдийг энэ хуульд хамруулахгүй гэсэн асуудал ярьж байгаа байнгын хороо хасахад бэлэн байна уу?

Г.Уянга : Баталж гаргасан алдаатай шийдвэрийг залруулах боломж байгаад талархаж байна. Бие биенийхээ алдаатай шийдвэрийг засах нь ардчилалын нэг зарчим байх. Энэ хуулиар өршөөгдөх ёстой хүмүүсийн ард цагаан захтнууд нуугдаж үлдэж байна. 350 тэрбум төгрөгийн хохиролтой 114 иргэний асуудал яригдаж байгаа. Тоо баримтыг харахад нэр ус нь тодорхой бус байна. Өршөөлийн хуульд хориг тавиад ЭЗ-ын ил тод байдлын хуульд хориг тавиагүй нь сонирхолтой санагдлаа.

Ц.Оюунгэрэл : Ерөнхийлөгч  хуулийн 9-р зүйлд хориг тавиагүй. Хоригоор хүсээд байгаа зүйлүүдийг оруулах шаардлагатай заалт дээр хориг тавигдаагүй болохоор энэ хоригийг хүлээж авах боломжгүй байна. Өнөөдөр 2 заалтан дээр тавьсан хоригийг авлаа гэхэд ерөнхийлөгчийн хоригийн албан бичгэн дээр тавигдсан хүсэл мөрөөдөл биелэх боломжгүй гэж харагдаж байна. Тиймээс бид хориг хүлээж авч байгаа дүр үзүүлж, улстөрийн жүжиг тоглох ямар ч шаардлага байхгүй. Харин өөрсдийн гаргасан шийдвэр дээр шулуунаар зогсож болно гэж үзэж байна. Энэ бүгд олон нийтийн шахалттай холбоотой. Урьд нь ингэж хууль хяналтын байгууллагууд хууль гарангуут хууль хэрэгжүүлэхээс татгалзаж, нөлөөлдөг байсныг санахгүй байна. Ингэж гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглалдаа дарамт үзүүлдэг түүх монгол улсад онцгой бүрэн эрхийн комисст л байсан байх. Өнөөдөр АТГ-ын атганд шүүх, прокурор гэх мэт хуулийн байгууллагуудаа, шударга ёсоо өгсөн байна. Энэ бүгдийг нь болиулах гээд хууль боловсруулсан хүнийг шууд хэрэг үүсгэж, ҮАБЗ-өөс энэ хуулийг хэлэлцэж болохгүй гэсэн шийдвэр гаргуулж байсан. Үүнээс гадна өндөр технологи ашиглан хүмүүст нөлөөлсөн. Ингэж дээд зэргийн популизмыг хийж байна. Өөрөөр хэлбэл мянган хэрэг үүсгээд дор хаяж 100 хүн хэлмэгдүүлдэг тогтолцоо руу явж байна.

З.Баянсэлэнгэ : Бодит нөхцөл байдлаа ярих хэрэгтэй. Авилгалын сүлжээг атгаж байдаг хүмүүсээс улстөрчдөө чөлөөлөх ёстой. Толгой дээр гараад суусан эрх мэдэл булаацалддаг АТГ гэх энэ байгууллагыг байранд нь аваачих ёстой. Өнөөдөр ерөнхийлөгчийн асуудал байна. Өөрийнх өршөөгөөд явсан хэрэг болоод байгаа хирнээ УИХ хууль тогтоогоод эхлэхээр хориг тавьж байдаг ийм юм гэж байх уу. Тэгвэл яагаад ил тодын хууль дээр хориг тавиагүй юм. Ерөнхийлөгчийн яриад байсан албан тушаал энд байхгүй байна. Нууц материал дотор хохирогч, холбогдогч алга. УИХ-ыг ингэж доромжилж болохгүй.

Д.Тэрбишдагва : Монгол улс алдсан, оносон хүндээ өршөөлийг өмнө нь ч үзүүлж байсан. Өмнө нь хориг тавьдаггүй байсан хууль. Өршөөлийн хууль улс төр дагуулсан. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш хууль хэрэгжих ёстой. Тэнд  2200 хүн хүлээгээд, хараад сууж байна. Яагаад хууль хэрэгжүүлэхгүй байна вэ? Хоригийн асуудал маргаантай байгаа. Өнөөдөр өгсөн материалаар акулууд нь чөлөөтэй, жараахайнууд нь баривчлагджээ. Зөвхөн уучлал үзүүлсэн Капла гэдэг хүн 70 тэрбум төгрөгийн асуудал үүсгэсэн. Өөрөө болохоор улс оронд хохирол учруулсан хүнийг хэрэг хийгээгүй гэж өршөөхөөр зөв байдаг. УИХ өршөөлийн хууль батлахаар хориг тавиад байдаг . Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Битгий улс төр хийлдээ.  

Ё.Отгонбаяр : АТГ УИХ-ын 2 гишүүнийг шалгаж байгаа гэсэн мэдэгдэл хийсэн. Өнөөдрийн баримт бичигт нэг гишүүн болсон байна. Надтай холбоотой хэрэгт цэг тавиад өгөөчээ. Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн нь өршөөгдөөд дээрэмдсэн нь өршөөгддөг нь ямар учиртай юм бэ. Ер нь хохирогчийн эрх яах вэ мөнгөнөөс бусад хохирол яах вэ. Чуулганы танхим шүүхийн танхим биш ээ. Шалгагдаж байгаа хүнийг зарлаж болохгүй.

Ө.Энхтүвшин : Хууль гарсан цагаас эхлээд эсрэг тэсрэг юм яриад байгаа нь олон нийтийг ойлгох аргагүй болгож байна. Мэдээллүүд ннь зөрөөд байна. ХМХ ч гэсэн хоёр хувааж талцуулж байна. Монгол улсад үүнээс өөр ярих чухал зүйл зөндөө байна. Ийм том асуудал дээр анхнаасаа саналаа нэгтгээд оруулаад ирэх хэрэгтэй байсан юм.

Д.Лүндээжанцан : Яллах цагаатгах талыг яг адилхан зэрэг барьж явах хэрэгтэй нэг нь хэтэрвэл хэлмэгдүүлэлт болно. Энэ талаас нь бодож хуулийн байгууллагын тогтолцоог хийх хэрэгтэй. УЕП эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ гэсэн байгаа үүнийхээ дагуу явах хэрэгтэй. Хуулийн механизмуудыг зөв болгох хэрэгтэй. Өршөөлийн хуулийг маш хурдан шийдмээр байна. Нэгэнт өршөөл үзүүлж байгаа бол хэрэг тус бүр дээр зохих ёсоор нь авч хэлэлцье.

Х.Тэмүүжин : Багагүй хугацаанд маргаантай хуралдаан өрнөлөө. Аль аль талд нь авах зүйл байгаа байх. Өршөөлийн хууль хэлэлцэхээс өмнө ил тодын хууль яригдаж байхад би энд МАН-д хандаж үгээ хэлж байсан. Энэ авилга улстөрчдийг өршөөдөг хууль биш. Та бүхэн байнгын хороо болоод чуулган дээр ирээгүй байж одоо матрын нулимс унагах хэрэггүй. Ний нуугүй хэлэхэд ЗГ ч энэ хуулиа дутуу оруулж ирсэн. Хээл хахуулийн зүйл заалтыг оруулж ирээд албан тушаалын хэргийг орхисон . Бид нэг зарчим барих ёстой. Өршөөлийн хуулийг авилгыг өөхшүүлэх байдлаар гаргаж болохгүй. Гэхдээ хуулийн байгууллагуудын өдөр туьмын үйүл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгийг хуулийн дээр гаргадаг үзэгдэл засрахгүй. Хийх зүйл дээрээ хойшоо суучихаад дараа нь паа пүү гэх хэрэггүй.                                                               

Р.Гончигдорж : Хэрэв ерөнхийлөгч хоригоор дамжуулж хүсэл зоригоо хангая гэсэн бол буруу зүйл заалт дээр хориг тавьсан. Өнөөдөр төрийн байгууллага хэрэг гаргуулчихаад яллах биш, хэрэг гаргахгүйн тулд ажиллах ёстой. Албан тушаалтнуудаа авлигын хэрэгт холбогдохоос сэргийлэх ажлыг хийж чадаагүй төрийн буруу бас бий. Бид энэ хуулийг нэгэнт батлаад гаргачихсан. Цаашид нэг шугаман дээр явъя. УИХ нийтдээ зургаан удаа Өршөөлийн хууль батлагдсанаас гурав нь миний гарын үсэгтэй. Өршөөгдсөн иргэн нэг  хоног ч шоронд хоригдохгүй гэсэн зарчим ярьж хууль батлагдмагц шууд суллагдаж байсан. Гэтэл өнөөдөр хориг тавьснаас болж энэ хууль хэрэгжихгүй байна.