Нийгэм

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг : Бизнес эрхлэгчид өршөөлийг биш татварын орчинг сайжруулахыг хүсч байна

М.Энхмаа
2015-09-16 09:57

Өнөөдөр твитерт хүн бүрийн анхаарлын төвд байгаа асуудлуудын нэг нь Л.Гансүхийн шүүх хурлаас гадна "Exclusive" хэмээх хувцас үйлдвэрлэдэг компанитай холбоотой татварын асуудал юм.

Энэ талаар “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг болоод холбогдох хүмүүс Eagle телевизийн “Иргэний мэдээ”-д оролцож ярилцсаныг тоймлон хүргэж байна.

Сэтгүүлч : Энэ сарын 19-нд “Exclusive компани үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэсэн байсан. Яагаад хувцсаа үнэгүй тараах болов ?

Г.Майцэцэг : Өнөөдөр би энэ брэндийг үүсгэн бий болгосон нь зөв зүйл байсан эсэхэд эргэлзэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьж ярьчихаад үнэн хэрэгтээ эсрэгээрээ дарамт болж байна.

Би 150 сая төгрөгний татварын актад асуудал үүсгээгүй гарын үсгээ зурсан. Өрийг ажиллаж байж төлдөг. Гэтэл бид нарт тийм боломжийг олгоогүйгээс ажлаа хйигээд явах боломжгүй болоод байна. Татварын тогтолцоог буруу байгаа ярьснаас болоод гадагшаа гарах эрхийг минь хасаж, дансыг маань хаасан. Удаа дараа хүсэлт гаргаж, график хүртэл гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Надад 150 сая төгрөгөө төлөх боломж олгохгүй байна

Сэтгүүлч : Татварын газартай хувийн асуудал байгаа юу ?

Г.Майцэцэг : Хүмүүст энэ талаар үнэн бодитой мэдээлэл өгмөөр байна. Би хувь хүнд хандаагүй. Харин Монголд татварын орчин ямар байгааг ойлгуулахыг зорьсон. Гэвч үүнийг хоёр хүний хувийн асуудал болгож хувиргасанд харамсалтай байна.

Сэтгүүлч : Майцэцэг гэдэг хүнтэй холбогдоод байна уу ? Компанитай холбогдоод байна уу?

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн зөвлөх Э.Оргилмаа : Энэ компани үйл ажиллагаагаа явуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулаад байгаа хирнээ татвар төлөөгүй. 150 сая төгрөгийн татварын акт, 20 сая төгрөгний тайлангийн өр гээд нийлээд 174 сая  659 мянган төгрөгний өртэй байна. Татварын улсын байцаагч шат дараалсан ажиллагаагаа явуулаад хамгийн сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 150 сая төгрөгийн актаа хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсны дараа дансыг нь хаасан.

Сэтгүүлч : Дансыг нээгээд мөнгөө аваад үйл ажиллагааг нь нээчихэж болдоггүй юм уу?

Э.Оргилмаа : Бид нар зөвхөн орлогын гүйлгээг л хаасан байгаа. Зарлагын гүйлгээг хаагаагүй. Шүүхийн шийдвэр гарчихсан. Татварын хуульд графикаар төлнө гэсэн ойлголт байхгүй.

Ц.Уянга /Твитерт элийрэгч хаягаар жиргэгч/ : Монголын татвар төлөх философи нь буруу байна. Өнөөдөр татварын хэрэг явж явж татвар төлөгч татварынхны хоорондын маргаан болоод үлддэг. Орлогын дансыг үлдээгээд зарлагын дансыг хаасан гэлээ. Гэтэл зарлага гаргахгүйгээр энэ хүн үйл ажиллагаагаа явуулж, орлого олох боломжгүй. Өнөөдөр Монголд жижиг бизнес эрхлэх боломж байхгүй, яаж ч хөдөлсөн буруудаж байна. Бид яагаад бизнесийн цэвэр түүхтэй байж болдоггүй юм

Оргилмаа : Би байцаагчийн эрх ашгийг хамгаалах гэж ирээгүй. Татварын тогтолцооны гажуудлыг ярих эрх надад байхгүй.

Г.Майцэцэг :  Чингис бондын 750 сая төгрөгний зээл авсандаа харамсч байна. Бизнес эрхэлж байгаа хүн бүр өршөөл хүсээгүй. Харин татварын орчинг сайжруулахыг хүсч байна. Би үүнийг хүссэн боловч мөнгөө төлөхөөс зайлсхийж байгаа юм шиг харагдуулсан. Бадам даргатай холбоотой тэр мөнгийг би гаргаж тавиагүй. Твитерийнхэн өөрсдөө гаргаад ирсэн. Батлан даалтад байгаа намайг дахиад хорьчихвы дээ.