Засгийн газар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Hotel Mongolia гэдэг нэр байнга хөндөгддөг байсан нь больжээ

М.Энхмаа
2015-09-17 06:39

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаар  Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавт хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон байна. 

Үүнд : 

- Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахын тулд Сангийн яамтай хамтран энэ ажилд оройлон оролцож, нийгэм, олон нийт, бизнесийн хүрээнийхэнд хууль танилцуулах ажлыг зохион байгуулах

- Бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын хэлж байгаагаар манай банк, санхүүгийн байгууллагуудад мөнгөний гүйлгээг хэтэрхий хянаж байна. Хууль, хүчний байгууллагаас банк, санхүүгийн гүйлгээ болгоныг хянаж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байна. Тухайн банк гүйлгээг сэжигтэй гэж үзсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад өөрсдөө ханддаг стандартыг тогтоох шаардлагатай байна. Ингэхгүй бол бэлэн мөнгөний гүйлгээ ихэсч далд эдийн засгийг улам бүр нэмэгдүүлэх нэг шалтгаан болоод байгааг судалж, санал боловсруулан УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө ЗГ-ын хуралдаанд танилцуулах

- Эдийн засаг хүндрэлтэй үед гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд улс орнууд тодорхой бодлого хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулагчдад бизнес, жуулчны визээр зорчдогоос арай илүү атлаа тухайн орны иргэдийн бүрэн эрхэд хүрэхгүй, завсрын статус тогтоодог жишиг олон улсад бий. Тухайлбал, ногоон карт гэх мэт. Үүний адилаар байнга оршин суух эрхтэй ч сонгуульд орж, улстөрийн эрх эдлэхгүй гэхдээ жуулчид, бизнесийнхнээс илүү эрхтэй ийм статус бүхий Монгол улсын картыг бий болгох асуудлыг судалж ЗГ-ын хуралдаанд танилцуулах

"Шийдлийн цаг" уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

"Гадаад, дотоодын иргэдийг хилээр орж, гарахыг хориглож, шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол манай улсад олон байсан. Өнгөрөгч гуравдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар энэ хөл хориог цэгцлэх үүргийг Хууль зүйн сайд танд өгч байлаа. Энэ асуудалд Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар хамтарч ажиллан олон улсын жишигт нийцүүлэн цэгцэлсний үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Hotel Mongolia гэдэг нэр байнга хөндөгддөг байсан нь больжээ. Энэ бол бидний ажлын бодит үр дүн юм" гэсэн байна.