Улсын их хурал

Шинэ цагийн “ТҮГЖИЛ” Дорнодын засаг дарга М.Бадамсүрэн тодорч, МАН-ынхаа эсрэг ажиллажээ

Bolor Rose news.trends.mn
2015-09-18 15:30

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг томилоод таван сар гаруй болж байгаа юм. Гурван ч удаа зүтгэж засаг ноёны суудалд суух гэж байх үедээ аймгийнхаа ИТХ хурал дээр "намын бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана”гэж М.Бадамсүрэн амлаж байсан нэгэн.

2012 оны сонгуулийн дараа энэ аймагт ялалт байгуулсан МАН-ынхан түүнийг засаг дарга болгохоор өмнө нь гурван ч удаа тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт ИТХ-ын тогтоолоо хүргүүлээд ч томилуулж чадаагүй юм.

Харин шийдлийн Засгийн гарын тэргүүн Ч.Сайханбилэг буруу харж инээж, зөв харж уйлж байгаад мань "ТҮГЖЛИЙГ” 4 сард нэг юм батламжилсан.

М.Бадамсүрэнг засаг дарга болгоход нь Дорнодын ИТХ-ын дарга нам нэгт P.Зоригтбаатар нь ч багагүй тус болж, түүний дэмжлэгтэйгээр л засаг ноён болж хагас жилийн нүүр ч үзээгүй байна. Уг нь М.Бадамсүрэнг экс засаг дарга Ц.Жанлав улс төрд анх хөтлөн оруулж,энэ аймгийн МАН-ын дэд дарга болгож байсанюм. Тэр тусыг нь усаар хариулж Ц.Жанлавыг албан тушаалаас нь унагалцан хариулж байлаа. 

Дараа нь Ардчилсан намын угшилтай С.Ганбатыг засаг дарга болгоод 4 жил хамтран ажиллна гэж тэврэлдчихээд бас л түгжилдэж унагаасан байна. Ингэж л энэ аймагт засаглалын төлөөх хэрүүл маргааныг М.Бадамсүрэн байнга өдөөж, холион бантан хутгасаар ирсэн болохоор нутагтаа нэр муутай.

Саяханаас "ТҮГЖИЛ” зангаараа дахин засаглалын дажин дэгдээж орон нутгийн АН болон МАН-ынхныг хооронд яс хаяж хор найруулж эхэлжээ. Чойбалсан хотын засаг дарга нам нэгт П.Мөнхтөртэй үгсэн АН-ын фракциудын нэг "шар” хочит Г.Болдбаатарын фракцитай нийлж байгаад ишиг эврээн ургахаар эхийгээ мөргөдөгийн үлгэрээр ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг хууль бус хуралдаан хийж огцруулахыг санаархсан юм.

Засаглахын тулд М.Бадамсүрэнд хууль зөрчих бол юу ч биш болж том толгойлоод зогсохгүй шинэ цагийн "ТҮГЖИЛ”-ээр ийнхүү маш хурдан хугацаанд тодорлоо. Түүнийг Дорнодынхон "ТҮГЖИЛ” БАДАМ хэмээх нэр хайрласан нь учиртай аж. 

Өнгөрсөн долоо хоногийн тавдахь өдөр буюу энэ сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан болжээ. Хурлын дарга Р.Зоригтбаатар хурлаа эхлүүлж, аймгийн Ардчилсан намаас аймгийн ИТХ-д сонгогдсон Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг нам нь эгүүлэн татсан шийдвэр гарсныг мэдээлжээ. Бүр шүүх дээр хүртэл энэ асуудал шийдэгдсэн байгаа юм. Шүүхийн шийдвэрийг нь Ч.Энхболд ИТХ-ын ажлын албанд 09 дүгээр сарын 09-нд өгчээ.

Харин тэр мэдэгдлийг нь хурлын төлөөлөгчдөдөө танилцуулж ИТХ-ын тогтоол гаргуулахаар болоход эргүүлэн татагдах гэж байсан Г.Болдбаатар, Д.Ганцогт хоёр хурал хийлгэх боломж олголгүй шууд л үймүүлжээ.

 Тийм учраас хурлын дарга Р.Зоригтбаатар хуралдаанаа түр завсарлуулжээ. Гэтэл Чойбалсан хотын засаг дарга П.Мөнхтөр, АН-ын Г.Болдбаатар тэргүүтэй хэсэг төлөөлөгчтэй үгсэн хуйвалдаж хууль ёсны хурлын даргыг байсаар байтал өөр төлөөлөгчөөр хурал удирдуулж хийсэн гэнэ.

Тэдний энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шууд зөрчсөн юм. Энэ хуулийн 23.6 дахь заалтад "Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсонТөлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон Төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасан байдаг.

Энэ нь л зөвхөн хурлын дарга Р.Зоригтбаатар л хуралдаанаа удирдаж тогтоол шийдвэр гаргах эрхтэйг тэнэг хүнд ч хэлээд өгнө.Цагаан дээр хараар тодорхой бичсэн ийм заалт байсаар байтал "ХОРЧИН” П.Мөнхтөр, намаасаа төдийгүй шүүхийн шийдвэрээр хүртэл хурлын төлөөлөгчөөсөө эргүүлэн татагдаж иргэдийн төлөөлөгч байх эрхээ хасуулсан Г.Болдбаатартай хуйвалдан,С.Мөнгөнбатаар гэгчээр хууль бус хурлаа удирдуулж хэд хэдэн шийдвэр гаргасан байгаа юм.

 Хурлын даргыг огцруулж, хурлын шинэ даргаар Чойбалсан хотын дарга Уулаа гэх П.Мөнхтөрийг сонгосон хууль бус шийдвэр гаргажээ.

Энэ бүхнийг Дорнод аймгийн засаг дарга шинэ цагийн "ТҮГЖИЛ” М.Бадамсүрэн алсаас удирдан хийлгэсэн гэцгээж байна. Түүнийг засаг дарга болгоход нь Дорнодын ИТХ-ын дарга нам нэгт P.Зоригтбаатар нь ч багагүй тус болж, түүний дэмжлэгтэйгээр л засаг ноён болоод хагас жил ч болоогүй байна. Экс засаг дарга Ц.Жанлавыг улстөрд анх хөтлөн оруулсны хариуг албан тушаалаас нь унаган хариулж, Ардчилсан намын угшилтай С.Ганбатыг засаг даргаболгонгуут 4 жил хамтран ажиллана гэж орлогчоор нь үлдчихээд бас л түгжилдэж байсан хорчинг нь ч нутгынхан нь мэддэг ярьдаг. Ингэж л ИТХ-ын төлөөлөгч байх эрхээ хасуулсан Г.Болдбаатар, Д.Ганцогт хоёрын төлөө МАН-ынхаа эсрэг "ТҮГЖИЛ” М.Бадамсүрэн ажиллачихжээ.

Тийм учраас ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар хууль бус хурлын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа юм. Одоо энэ асуудал шүүх дээр байна. Хурлын эрх мэдлийг хүчээр булаан авах тэднийцаад зорилго нь хоёр намд байгаа хөрөнгө мөнгөтэй 2-3 хүний удирддаг бүлэглэлийн албан тушаалын төлөөх далд тэмцэл,дажин гэж хэлж болох юм.

 Шударга,зарчимч Р.Зоригбаатарыг огцруулж хурлын эрх мэдлийг хүчээр булаан авч өөрсдийн бизнесийн ашигорлогыг нэмэгдүүлэхийн тулд засаг дарга М.Бадамсүрэн, П.Мөнхтөр, шар хочит Г.Болдбаатар нар бүр улаандаа гарсан нь энэ гэнэ.

Ингэж ч Дорнодын иргэд, төрийн албан хаагчид ярьдаг.Тиймээс энэ мэт бусармаг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар эрс шийдэмгий тэмцэж байгаа аж. Тэрээр "энэ хариуцлагатай албан тушаалд томилогдсон үедээ хатуу тэмцэхээр шийдэж, ИТХ-д хуулиар олгогдсон бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхийн төлөө олон ажлыг хийсэн, хийж байгаа, цаашид хийнэ” гэдгээ дахин мэдэгджээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг төлөвлөж, бодлогын шийдвэр гаргадаг, мөн гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага юм.

Тийм учраас Р.Зоригтбаатар хяналтыг хатуу тавьж эхэлсэн нь зарим хүмүүсийн эрх ашигт нөлөөлж түүнийг огцруулах ажлыг зохион байгуулахад хүргэсэн.

 Тиймээс тэрээр "Надад хууль бус үйлдэлтэй тэмцэх эр зориг, хүмүүжил байна. Хууль бус зүйлтэй тэмцэж бид л өөрчлөх ёстой гэдэгтээ би бат итгэдэг. Бид дараа үедээ шударга төр хүлээлгэн өгнө. Эцэст нь хандаж хэлэхэд Ийм хууль бус аргаар увайгүй улс төр хийж төрийн эрхийг авна гэж бодож байвал том эндүүрч байна гэж хэвлэлээр дамжуулан ард түмэндээ мэдэгдлээ.

Энэ аймагт нутгаа гэсэн сэтгэлтэй шударга зоригтой хүмүүс байдаг учраас бүхнийг зоосны нүхээр харж, мөнгөний төлөө нэр төр, хүн чанараа гээсэн нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлчихээд бизнесийн эрх ашгийн төлөө аймаг орон нутгаа золиослох гэж байгааг таслан зогсооно гэж Р.Зоригтбаатар дахин дуулгасан юм.

"Түгжил” засаг дарга М.Бадамбсүрэн, П.Мөнхтөр, АН-ын Г.Болдбаатар нарын талд орсон нөхдүүдтэй хатуу тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.

 Энэ бол Р.Зоригтбаатарын албан тушаалын төлөөх тэмцэл биш юм. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж цаг нь болохоор зөвхөн хуулийн дагуу гаргасан шийдвэрийн дагуу шударгаар хүлээлгэж өгөхөөр шийдсэн юм билээ.

Түрийвч нэгтэй байвал намынхаа эсрэг хэнийг ч гэсэн золиослоход бэлэн "ТҮГЖИЛ” хочит Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнг ийнхүү МАН –ынхаа эсрэг АН-хантай сүлбэлдэж байгааг зүгээр харааж суухгүй таслан зогсооно гэлээ.

эх сурвалж: http://www.choibalsan.mn/