Ч.Сайханбилэг: ЭЗ-ийн нөхцөл хүнд ийм үед төр болон хувийн хэвшил үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах нь чухал
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өглөө.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэйг анхааруулсан юм. Мөн Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байхыг сануулжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :
" Эдийн засгийн нөхцөл хүнд ийм үед төр болон хувийн хэвшил үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах нь чухал. Хүн бүр хуульд заасан татвараа төлөх учиртай ч татвар авахдаа бизнесийнхэн, баялаг бүтээгчидтэй зөв харилцаж зарчимтай ажиллах шаардлага байна. Төрийн байгууллагууд болон татвар төлөгч, бизнесийнхний хооронд асуудал гарч болно, харилцан ярилцаж, ойлголцож ажиллах ёстой. Татварыг хэсэгчилж төлүүлдэг, хугацаа тохирдог, тодорхой хувийг нь хүчингүй болгох зэрэг олон арга байхад данс хааж компанийн үйл ажиллагааг зогсоодог, цагдан хорьдог, хөл хорьдог арга хэмжээ авч болохгүй.
Татварын тогтолцоонд гажиг байна. Энийг бид засах ёстой. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Ирэх оны эхний өдрөөс компани аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хууль хэрэгжинэ." гэв.
Мөн тэрээр Төрийн хяналт, шалгалтын байгууллагынханд олон давуу тал, хүч бий ч цаг үеэ мэдэрч, эдийн засаг агшсан энэ үед компаниудын үйл ажиллагааг аль болох үргэлжлүүлэх, хүндрэлийг давах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь туслах цаг ирснийг онцлоод эдгээр байгууллагын удирдлагуудыг ажлын менежмент, арга барилаа өөрчилж ажиллахыг даалгажээ.