Нийгэм

Монголын алдартай уран бүтээлүүдийг дэлгэн харуулна

М.Энхмаа
2015-09-23 00:43

Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр уламжлал болон зохиогддог "UB Art Fair" дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ сарын 25-аас 30-ны хооронд нийслэл хотноо болно.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой уг үзэсгэлэнг энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулах гэж байгаа ажээ.

Үзэсгэлэнгийн үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхим, дээд зэргийн зочид буудлууд, хотын төвийн сурталчилгааны зарим самбар дээр Монголын алдартай уран бүтээлүүдийг дэлгэн тавьж, иргэдэд таниулан сурталчлах юм.

Мөн урлагийн мэргэжлийн ангийн оюутнууд болон ЕБС-ын ахлах ангийн сурагчдад дүрслэх урлаг чиглэлээр илтгэл тавьж, ярилцлага зохион байгуулах зэрэг арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулах ажээ.