Ч.Сайханбилэг : Европ Азийг холбосон дэд бүтэц бий болгохоор ажиллаж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх талаар ярилцжээ.
ЕСБХБ 2001 оноос манай улстай техникийн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2014 оны байдлаар 2,6 сая еврогийн 17 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бөгөөд тус банк Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа 2006 онд нээснээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд манай улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгосонд талархал илэрхийлсэн байна.
Мөн тэрээр Монгол Улсын дэд бүтцийн салбар, тухайлбал төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн санхүүжилтэд тус банкийг оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Европ Азийг холбосон дэд бүтэц бий болгохоор ажиллаж байгаагаа онцолжээ.