Ерөнхийлөгч

П.Цагаан : Хөрөнгө оруулалт дайжсан нь бидний урагшлах замд хамгийн том хар нүх лүгээ харагдаж байна

М.Энхмаа
2015-09-23 02:25

Өнөөдөр Төрийн ордны "Б" танхимд Монгол улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулсан "Үндсэн хуульт ёс ба Ерөнхийлөгчийн бүрэн эрх" олон улсын онол-практикийн бага хурал  эхэлжээ. Хуралд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын хүндэт төлөөлөгчид оролцож байгаа юм байна.

Онол-практикийн бага хурлыг нээж ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан үг хэлжээ.Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд түүхэн ахиц, дэвшил авчирсан дараах үйл явдлуудыг онцолжээ.

- Хоёр хөрш оронтойгоо эн тэнцүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн суурь баримт бичгүүдийг байгуулсан

- Хилийн демаркаци хийж, хилийн багана, зурвасуудыг шинэчилэн албажуулж, хилийн маргаангүй, энхийн хил болгосон

- Гурван талын механизм байгуулах санал гаргаж, түүнийг биежүүлэх үйл явц өрнөж байгаа

- Гурав дахь хөршийн бодлого явуулж, олон оронтой өргөн холбоо, хамтын ажиллагааны олон механизм, сувагтай болсон

- Монгол Улс Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гээд олон улсын байгууллагуудын бүрэн эрхт гишүүн болсон

- Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч болж, үйл ажиллагаанд нь оролцож байна

- Монгол Улсыг Цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, НҮБ, түүний Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээр баталгаажуулсан

- Монгол цэрэг “дэлхийн цэрэг” болж НҮБ-ын далбаан дор дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд идвэхитэй оролцож байна

- Монгол Улс Ази, Номхон далайн болон Зүүн хойд Азид идвэхитэй гадаад бодлого явуулж байна

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан цаашид анхаарах гурван зүйлийг онцолжээ.

1. Засаглалын үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй. Засаглалын өрсөлдөх чадамжийг сайжруулах хэрэгтэй гэдэг нь өмнө судалгаагаар харагдаж байсан бол одоо энгийн нүдэнд ч харагдаж байна. Энэ нь асуудал хүндэрч байна гэсэн үг. Гүн ухаантан Максвел “Өвчнийг эрт оношлох хэцүү, хэрэв тийнхүү эрт оношилж чадвал илаарших магадлал тэр хэмжээгээр өндөр. Хүн бүр оношлох боломжтой болсон тохиолдолд уг өвчнийг анагаах хэцүү” гэж хэлсэн байдаг. Одоо бүгд анхаарч, бодох, сэрэх, цэгцлэх цаг болж байна.

2. Хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчноо тогтвортой, найдвартай, баталгаатай, ойлгомжтой болгох хэрэгтэй. Бизнес, хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, таамаглахад хэцүү, дээрээс нь гадаадын болон үндэсний бизнес эрхлэгчдийн нэр төр, бизнест халдах явдал хавтгайрснаас болж хөрөнгө оруулалт дайжсан нь бидний урагшлах замд хамгийн том  хар нүх лүгээ харагдаж байна.

Даяаршлын эрин дэх энхийг эрхэмлэсэн, хөгжлийг дээдэлсэн  шинэ маягийн Төвийг сахих бодлогыг гадаад талдаа баталгаажуулах нөр их ажлын зэрэгцээ дотоод бодлого, хөрөнгө оруулалт, бизнес, хөгжлийн бодлогодоо тусгах, шингээх, хэрэгжүүлэх ажлыг хийх шинэ зорилт Бидэнд тулгарч байгаа юм. 

3. Дэд бүтцийн хөгжил рүү илүү анхаарах шаардлагатай байна. Энэ нь төмөр зам, агаарын тээвэр, авто зам мэдээлллийн зам байх юм. Энэ тал дээр Монгол, Орос, Хятадын гурван талт механизмын хүрээнд хийх ажил их чухал гэж бодож байна.