Д.Эрдэнэбат : Хувийн хэвшлийнхэн өөрийнхөө баялаг дээр тулгуурлаж санхүүжилтээ босгох нь эрүүл зүйл
Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд ЗГ-ын барьж байгаа бодлого, амжилттай хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл хийсэн байна.
Уулзалтын эхэнд Д.Эрдэнэбат сайд зүүн бүсэд 300 мянган тоннын хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр байгуулах сонгон шалгаруулалт дууссаныг дурьдаад 2016 он гарангуут үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалтаа эхлүүлэхийг зорьж байгаа гэжээ.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийг барьж байгуулах хүрээнд зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэртэй болох зорилго тавин ажиллаж байгаагаа онцолсон байна. Засгийн газрын хуралдаанаар дээрх үйлдвэрийг Бор-Өндөрт барих шийдвэр гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар зэс хайлуулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулагдаад ажиллагаандаа орж, бүх газруудаас санал авч судалгаа хийн урьдчилсан ТЭЗҮ-ээ гаргахаар ажиллаж буй юм байна. Энэ ажил графикийнхаа дагуу хийгдчихвэл 2016 он гарангуут зэс байгуулах үйлдвэрийн оролцогчийг шалгаруулж, ажил эхлэх боломжтой болох ажээ.
Д.Эрдэнэбат сайд энэ ажлыг хийхийн тулд хамгийн гол нь хоёр хөрштэйгээ ойлголцох, торгоны замд нэгдэн орох, эдийн засгийн коридорын хөтөлбөрт асуудлаа суулгаж хамтын ажиллагаагаар барьж байгуулах хэрэгтэйг онцолсон байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат :
" Ирэх 10-р сард Монгол-Германы хамтарсан ажлын хэсгийн хуралдаан төлөвлөгдсөн. Түүгээр хэд, хэдэн чухал төслийг эцэслэх зорилготой байна. Ингэхдээ Германы хувийн хэвшлийг Монголын боловсруулах үйлдвэрлэл рүү хандуулж, Германы тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулах төслийг Германы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Тухайлбал, нүүрснээс шингэн түлш гаргах төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Германы талтай хамтрах, мөн Цагаан суваргын ордыг үндэсний компани хэрэгжүүлэх боломжийг олгоё гэдэг УИХ, ЗГ-ын байр суурь гарсан тул Германы технологийг оруулж ирж, Европт зэсийн баяжмалыг экпортлох нөхцөл бололцоог үүсгэхээр ажиллаж байна.
Аж үйлдвэрийн сайдын хувьд би энэ саналыг их дэмжиж байгаа. Энэ бол эрүүл санал. Яагаад гэвэл хувийн хэвшлийнхэн бусад оронтой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийнхөө баялаг дээр тулгуурлаж санхүүжилтээ босгох нь эрүүл зүйл юм. Бас нэг компани Германы технологиор Монголд моторын тос үйлдвэрлэх үйлдвэр байгуулах санал өгсөн. Нэг их том биш боловч Европ стандартын үйлдвэрийг нь байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай тусна. ” гэжээ.