Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Монгол улс хүлэмжийн хийг бууруулах боломжтой орон
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан "Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хамтын хүчин чармайлт" сэдэвт хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлжээ. Тэрбээр дэлхийн 170 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар ойрын 15 жилд хэрэгжүүлэх 2030 тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсанд туйлын талархалтай байгааг дурьдаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л оролцогч талууд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстойг онцолсон байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : " Энэ оны 12 дугаар сард болох Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын бага хурлын үр дүнгээс тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт шууд хамааралтай. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнууд амлалт авах шаардлагатай бөгөөд нөгөө талаас хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэлхийн хамтын нийгэмлэг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, хүлэмжийн хийг бууруулах боломжтой орны хувьд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг туслалцаа чухал юм. " гэжээ.