Ерөнхийлөгч

Туркменистан улстай ХАА-н салбарын харилцааг хөгжүүлэх талаар судлах хэрэгтэйг онцлов

М.Энхмаа
2015-09-28 10:21

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовтой уулзлаа.

Уулзалтын үеэр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов хоёр улсын харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Туркменистаны соёлын өдрүүд болон хоёр улсын хамтарсан Бизнес Форумыг зохион байгуулсныг сайшаажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нөөц боломж их байгааг дурдаж, цаашид эрчимжүүлэх хэрэгтэйг онцлов. Монгол Улс уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг, харин Туркменистан нефть, байгалийн хийн нөөцөөр арвин тул худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж байгааг дурдсан байна.

Мөн талууд ХАА-н салбарын харилцааг хөгжүүлэх талаар судлах хэрэгтэйг онцлов. Тухайлбал Монголоос мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Туркменистанаас сайн үүлдрийн мал оруулж ирэх боломж байгаа талаар ярилцсан байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж, туршлага судлах талаар ярилцжээ.