Хууль

Ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл бүрэн хангагджээ

М.Энхмаа
2015-09-28 12:05

Өнөөдөр Сангийн яаманд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хэвлэлийн бага хурал болж энэ хуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар мэдээлэл хийсэн байна.

Энэ үеэр Сангийн дэд сайд С.Пүрэв “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль энэ оны наймдугаар сарын 7-нд батлагдсан. Хуулийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадахгүй байгаа, бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг чөлөөлөхөд оршиж байгаа” гэжээ.

Хуульд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд сайн дураар ил болгоно гэж заасны дагуу энэ ажлыг хангах үүднээс http://iltod.mta.mn/  сайтыг нээн ажиллуулж байгаа ажээ.

Мөн эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтнаас дараах утсаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, мэдээлэл өгөх боломжтой юм байна.

Татварын асуудлаар-18001288

Нийгмийн даатгалын асуудлаар-18001289, 328030-309

Улсын бүртгэлийн асуудлаар-18001890

Гаалийн асуудлаар-18001281

Санхүүгийн тайлангийн талаар-263069, 264966