Нийслэлийн ойг угтаж хотын өнгө үзэмж нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан болжээ. Хуралдаанаар өмнөх хуралд өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн 9 дүүргийн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.
Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд халаалт 98% байна.
- Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумыг зохион байгуулж Форумын уулзалтаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гарган ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
- Нийслэлийн 376 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх ажлын зохион байгуулсан.
- Хотын төв гудамж, гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.
Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өгчээ.
Үүнд:
- Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагууд ойг угтан өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж ХМХ-ээр сурталчлах
- Нийслэлийн ойг угтаж гудамж замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, сэргээх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягжилтыг сайжруулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт шалгалт хийх
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/775 дугаар захирамжаар байгуулагдсан Богд Хан уулын төрийн тахилгыг тахих бэлтгэлийг хангуулах ажлыг сайтар зохион байгуулах
- Баянзүрх дүүргийн “Цайз”, “Өгөөмөр” захын орчимд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хаан гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулах
- “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангуулж, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулах
ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгосон байна.