Яавал таны машиныг ачих вэ ?
Өнгөрөгч наймдугаар сарын 28-ны өдөр “Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг шинэчилэн баталсан байна. Энэхүү журамд цагдаагийн эрх бүхий албан хаагчийн шийдвэргүйгээр ямар ч тээврийн хэрэгслийг ачихыг хоригложээ
.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуульд заасан дараах тохиолдлуудад тээврийн хэрэгслийг түр саатуулж, зөөж шилжүүлэн жолоочид торгууль ногдуулах юм байна.
Үүнд :
- Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон
- Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон
- Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд буюу овор ихтэй, түүнчлэн хортой болон аюултай ачаа тээвэрлэсэн
Мөн хууль зөрчсөн дараах тээврийн хэрэгслийг түр саатуулна.
Үүнд:
- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсвэл гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа
- Согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож яваа
- Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үед
- Хууль сахиулах байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн
Үүнээс гадна эзэмшигч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах, өндөр хэмжээний зочин төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж болох юм байна.