Ч.Сайханбилэг : Зам, тээврийн салбарын шинэчлэл улс орны эдийн засагт ашиг тусаа өгч байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг автозамын шинэчлэл болоод Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм байна.
Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын 40, Япон, Солонгос, Сингапур, Хятад, Чех улсын дангаараа болон хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компанийн мэргэжлийн өндөр ур чадвартай 2100 гаруй ажилчид, инженерүүд оролцож, өдөрт 220 гаруй машин техник ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат танилцуулсан байна. Мөн одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгаа буюу төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө явааг онцлоод нийт ажилчдын 85 хувь нь монголчууд байгааг дурьджээ.
Энэ үеэр ерөнхий сайд Ч.Сайханбилэг :
“ Дэд бүтэц, замын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж, богино хугацаанд ямар ажил бүтээж болдгийг энэ салбарынхан 2012 оноос хойш харуулж чадаж байна. Энэ хугацаанд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холболоо. Мөн энэ жил Дорнод аймгийг нийслэлтэй автозамаар холбож дуусна. Баруун таван аймгийн автозамын ажил бүгд эзэнтэй болсон. 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох энэ бүтээн байгуулалтыг амжилттай хийж дуусгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллана. Зам, тээврийн салбарын энэ шинэчлэл улс орны эдийн засагт төдийгүй айл өрхийн ахуй амьдралд ашиг тусаа өгч байгаа.” гэжээ.
Тэрээр уг төслийг хэрэгжүүлэхэд ЗГ-ын зүгээс гүйцэтгэх ажил, хүлээсэн үүрэг байгаа онцлоод шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх даваа гаригийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгасан байна.