З.Энхболд : Энэ намрын ээлжит чуулган маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын долоо дахь удаагийн намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын дарга З.Энхболд :
Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна.
2016 оны Монгол улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна.
Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй
.
Оюутолгойн орд газрыг ашиглахад оруулсан нэг удаагийн 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүнд тухайн үедээ эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Үүнийг бодит өсөлт мэтээр хүлээн авч, цаашид энэ түвшиндээ байх мэтээр төсөөлөн тооцоо судалгаагүй их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байв. Мөн ХАА-н болон уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх асуудлыг орхигдуулж, уул уурхай, газрын баялагт хэт шүтэж ирлээ. Бидний өмнөх үед хийсэн энэ алдаатай бодлогоос улбаалан өнөөдөр эдийн засагт бодитой хүндрэл учирч байна.Гэхдээ УИХ эдийн засгийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, цаг тухайд нь эрх зүйн зохицуулалт хийсний үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарч байна.
Тухайлбал, эдийн засаг хүндрэлтэй гэж байгаа ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд айл өрхүүдийн хэрэглээ 4 хувиар өссөн байна
. Энэ хугацаанд төрийн байгууллага болон ЗГ-ын хэрэглээ 4 хувиар буурчээ
. Энэ бол монголын эдийн засаг эрүүлжих тал руугаа явж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд төрийн байгууллагуудын хэрэглээ буурч байсан тохиолдол байхгүй, харин ч эдийн засгаасаа хурдтай өсч ирсэн.
Сүүлийн 12 сард Инфляцийн түвшин 6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 8 сард 704,8 сая ам.долларын ашигтай гарлаа
. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш. Нэг жилийн дотор ХАА-н салбар 9.4 хувиар, Аж үйлдвэр, барилгын салбар 12.1 хувиар өслөө
.
Статистикаар илэрхийлвэл, сүүлийн 3 жил том, жижиг 1055 үйлдвэр ашиглалтад орсоноор аж үйлдвэрийн салбарын ажиллах хүч 10 хувиар өссөн
нь сүүлийн 25 жилд гарч байгаагүй амжилт юм. Ганц жишээ дурьдахад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ноос угаах үйлдвэр ашиглалтад орсоноор 250 хүн ажлын байртай болж, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг экспортолж байгаа нь үүнийг давхар баталж байна.
Төрийн бодлогоор импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хамгаалж байна. “Чингис бонд”-ын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг бодитой хэрэгжүүлж, дэлхийн түүхий эдийн үнийн огцом уналтын сөрөг нөлөөг саармагжуулж чадлаа
. Цаашид Монгол Улсын үндэсний эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмаар стратегийн ордуудын томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь чухал ач холбогдолтой юм. Үүнд ЗГ бодитой алхам хийх шаардлагатай байна.
Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор ЗГ хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирж байгааг дэмжиж байна. Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурьдахад нийслэл, дүүргийн хэмжээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшуулалыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгаа талаар иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх хатуу арга хэмжээ авч ажиллахыг ЗГ-т үүрэг болгож байна.
Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн нэг удаагийн хаврын чуулган үлдэж байгаа. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын ээлжит чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган
гэдгийг эрхэм гишүүд та бүхэн сайтар ойлгож байгаа байх.
Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай
Шүүх,Прокурор, Цагдаагийн албаны тухай
Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай
Төрийн албаны тухай
Хөдөлмөрийн тухай
Гэр бүлийн тухай
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
Хүүхэд хамгааллын тухай
Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан.
Мөн дээрхээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байгаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх ёстой. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой
гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд хамаарах болно.
Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж хурдтай ажиллах хэрэгтэй. Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна. Тиймээс та бүхэн чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцоно уу.