Улсын их хурал

АН-ын бүлэг яамдыг дэд сайдгүй болгохыг бүрэн дэмжжээ

М.Энхмаа
2015-10-01 14:33

АН-ын бүлэг намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийж дараах асуудлуудын талаар хэлэлцсэн байна. 

Үүнд : 

- УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэл

- ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх 

- Монгол УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

“Ирэх оны төсвийн талаар Сангийн яамнаас танилцуулсан. Үүгээр бол бүхэл, бүтэн санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай болох юм байна Уг мэдээллийг АН-ын бүлэг сонссоны дараа эдийн засагт хийх реформийг бүрэн сайшаасан. Ер нь реформ хийх цаг нь болжээ. Сонгуулийн эрх ашгаа бодож уг асуудлыг хойшлуулах бус одоо яаралтай хийх ёстой гэж ярилцлаа. Батлагдах төсөв, мөнгөний бодлогыг улсын төсөвтэй уялдуулах зарчмыг баримталж байгаа. ЗГ-ын өргөн барихаар бэлдэж байгаа хувилбарыг дэмжээд явахаар болсон. Яваандаа төрийн байгууллагуудын чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлнэ. Төрийн том бүтцийг багасгаж яамд болон агентлагуудын бүтцийг танах гэж байгаа. Тодруулбал, зарим яамд, агентлагийг нэгтгэнэ. Үүнийг ч АН-ын бүлэг дэмжиж байгаа. " гэсэн байна. 

Мөн тус бүлэг яамдуудыг дэд сайдгүй болгох саналыг 100 хувь дэмжсэн байна. Эдийн засагт хэмнэлт хийж байна гээд төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулж хасах бус улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн захиргааны удирдлагуудын цалинг хасах ёстой гэж тус бүлэг үзжээ.

Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэр гарсаны дараа дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн саналд нэгдсэн байна.