Ч.Сайханбилэг : С.Баярцогтыг огцруулах хуулийн заалт цэцийн дүгнэлтээр түдгэлзчихсэн байгаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сард Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түүний өргөн барьсан тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан.
Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн байна.
Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :
“Энэ асуудал горимын, онолын асуудал биш хуулийн асуудал. Үндсэн хуулийн цэц 3 заалтааар өөрийн дүгнэлтээ гаргасан. Энэ 3 заалтын 2-т нь УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтын огцруулах гэсэн хэсгийг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн тодорхой заалтуудын дагуу 2015 оны 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэсэн шийдвэр гарсан байдаг.
Тэгэхээр 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр үйлчилгээ нь зогсчихсон байгаа заалтаар С.Баярцогтыг огцруулах асуудлыг байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудалд оруулах, горимын санал хураах нь харин хууль зөрчсөн асуудал болно.
О.Баасанхүү гишүүн УИХ-ын мэргэшсэн 6 хуульчийн нэг гэж дунд нь орж зогсчихоод ийм хууль бус юм яриад явж байгаад нь би харамсч байна. Улс төр байлаа ч гэсэн хуулиа хатуу баримтлах ёстой. Хуульч гишүүн, дээрээс нь төрийн байгуулалтын байнгын хороон дээр ийм зүйл ярьж болохгүй.” гэсэн байна.