Ч.Сайханбилэг : Сүүлийн 38 жилд тохиолдоогүй ган болсон ч 500.000 га талбайд тариалан эрхэлсэн нь дээд амжилт
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :
Дэлхий даяар уур амьсгалын өөрлөлт эрчимтэй явагдаж байна. Олон жилийн цаг агаарын хандлагаас харахад бичин жил ХАА, ялангуяа МАА-н өвөлжилтөд хүндрэл учруулж ирсэн. Энэ бүхнийг харгалзан ЗГ-аас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарал тавьж байна. Энэ ажлынхаа хүрээнд Төв, суурин газрын болон ХАА-н 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай 293 дугаар тогтоолыг баталж өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган, хэрэгжүүлэх ажлыг бүх шатанд эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна. УЦУЭШХ-гийн мэдээллээс үзвэл энэ намар, өвлийн эхний сарын цаг агаарын байдал тогтвортой бус байна. Ялангуяа 12 дугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орно. Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, отор нүүдлийг яаралтай зохион байгуулах нь зүйтэй.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл
Эрчим хүчний салбарт их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын 3 чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн 9-р сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90.0 хувьтай байна. Төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл 60% байна
.
Дулааны цахилгаан станцуудын гадна талбай дээрх нүүрсний нөөцийн хэмжээ 296.5 мянган тонн байгаа нь өвлийн их ачааллын үед зарцуулагдах хоногоор тооцвол 11.7 хоногийн нөөц бэлтгээд байгаа гэсэн үг. Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг 2015 оны 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн.
9 сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн 88%-ийг, Дархан, Эрдэнэ хотын нийт хэрэглэгчдийн 100%-ийг дулаанаар хангасан.
Мөн Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Завхан, Төв, Увс аймгийн төвүүдийн хэрэглэгчдийн 80%-ийг дулаанаар хангаад байна.
Өвс тэжээл
ЗГ-аас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. 10.5 мянган тонн өвс,1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9%-ийн , тэжээлийн бэлтгэл 63%-ийн гүйцэтгэлтэй байна.
Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Дорноговь аймгууд сайн бэлтгэсэн, бусад аймгууд хадлангийн татан авалтаа хийж дуусаагүй байгаа. Тэжээлийн хувьд худалдан авалтын сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна.
Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан. ААН-ийн бэлтгэсэн тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс тэжээлийн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлнэ. Тэрхүү нөөцийг худалдан авах талаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар тогтсон.
Зарим аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэгүүдэд малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулна. Гурилын үйлдвэрийн улаанбуудайнаас 58 мянган тонн хивэг,12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэгдэх төлөвтэй байгаа. Тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэх төлөвтэй байна. Энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна.
Махны экспорт
Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын нэг гол асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах явдал юм
. Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой
гэсэн тооцоо байна. ЗГ махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах зэрэг 180.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ, ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байгаа.
Ургац хураалт
Энэ сарын 30-ны байдлаар нийтдээ 100.4 мянган га-гаас 83.8 мянган тонн үр тариа авч, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж байна
. Ургац хураалтын ажил 10 дугаар сард багтаж дуусах төлөвтэй байна. Ургац хураалтын дүнг үндэслэн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Сүүлийн 38 жилд тохиолдоогүй ган болсон ч энэ жил 500.000 га талбайд тариалан эрхэлсэн нь Монголын түүхэн дээд амжилт
.
Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 85 хувьтай байна
. Алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслээр 100 хувь хангагдсан байгаа. УБ хотын 9 ЭМ-ийн байгууллагад,18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгох ажил ханган нийлүүлэлтийн шатандаа явагдаж байна.
Боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл
Боловсролын салбарын хувьд их засварын ажил 96.5 хувийн хэрэгжилттэй байна. Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99.0 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль,40 цэцэрлэг, 8 дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, 2 спорт заал байна. Эдгээр обьектын засварын ажилд 7.7 тэрбум төгрөг шаардагдаж байна. Уурын зуухны эвдрэл гэмтэл, дулааны өрийн улмаас халаалтаа авч чадаагүй боловсролын салбарын харьяа 62 байгууллага байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээлэл, таамаглалын үнэн зөв, шуурхай байдлын ач холбогдол өсөн нэмэгдсээр байгаа.
УЦУЭШХ-гийн мэдээлэл боловсруулах хүчин чадлыг улам сайжруулах, програм хангамжийг шинэчлэх шаардлагатай байна. 2015 оны улсын төсвийн тухайн хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталсан. Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүндрэл үүсч, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн боловсролын салбарын энэ оны их засварын хөрөнгө өнгөрсөн жилээс 75 хувиар танагдаж батлагдсан.
Шинжлэх ухааны салбарын их засвар сүүлийн 2 жил хийгдээгүй, соёлын салбарын их засвар хөрөнгө хуваарилаагүй. Эдгээр нөхцөл байдлын улмаас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад хөрөнгө оруулалт хүрэлцэхгүй байна. Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс 4.5 тэрбум төгрөгийн өр үүсээд байна. ЗГ өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаашид улам эрчимжүүлж, цаг уурын эрсдэлтэй нөхцөлд чармайн ажиллаж бна.
Эдийн засаг хүнд энэ үед малын зүй бус хорогдолгүй өвлийг давж, хэвийн үйл ажиллагаагаа алдахгүй байх нөхцөл боломжийг хангах нь чухал. Иргэд, малчид, байгууллага, ААН бүрийн өөрсдийн хүчин чармайлт, хариуцлагаас ихээхэн хамаарна. Нийт иргэд, малчид, байгууллага, ААН-үүдийг үлдэж буй хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг уриалж бна