Ч.Сайханбилэг : Цаасан дээр байгааг биш өөрийн нүдээр үзсэнээ ярьж байна
Өнөөдөр УИХ-ын чуулганд ерөнхий сайд Ч.Сайханбилэг өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийжээ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар асуулт асуусан байна.
Б.Бат-Эрдэнэ : Өнөөдөр Ерөнхий сайдын хэлж буй танилцуулга тун муу байна. Бид ийм юм хийх байх гэсэн байртай л юм ярьлаа. ХАА-н яамнаас гадаад руу гаргах гэж байгаа махаа яаж гаргах гэж байгаа юм бол? Та нар гарч ирсэн цагаас хойш хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг хасах тухай ярьсан. Үүнийг гудамжинд жагсан байж болиулсан. Одоо дахиад цалин хасах тухай ярьлаа. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
Ерөнхий сайд : Энэ асуудлыг чуулган нээгдсэн чухал өдөр оруулж ирж хэлэлцүүлж байна. ЗГ өвлийн бэлтгэлд хавраас орсон. Би түрүүн мэдээлэлдээ 7-р сараас эхлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилготой тушаал, шийдвэрүүд гаргасан гэж танилцуулсан. Махны хувьд элдэв дээдийн улс төрөө больж асуудалд эерэгээр хандах цаг боллоо. Өнгөрсөн жил 1800 тонн мах экспортолж байсан. Өнөөдөр дээд хүчин чадлаараа ажиллахад 120 мянган тонн мах экспортлох бололцоо байна. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллана. Махтай холбоотой улс төрөө хойш орхиод нарийн ширийн зүйлээ ярилцъя.
ХХААЯ-ны сайд Р.Бурмаа : Сүүлийн жилүүдэд мах экспортлох асуудал зогсонги байдалд орсон. Энэ нь малын гаралтай өвчинтэй холбоотой. Ноднин жил 1800 тонн мах экспортлосон. Уг нь 64 мянган тонн мах экспортлох квот байсан. Харин өвчин болон махны үйлдвэрүүд шаардлага хангаагүй учраас нийлүүлж чадаагүй. Энэ жил мал төхөөрөх 46 үйлдвэр байна. Эдгээрээс 26 нь ОХУ-д мах экспортлох зөвшөөрөлтэй 26, 5 нь Хятадад мах экспортлох эрх авсан. Мөн дулааны аргаар мах боловсруулах 5 үйлдвэртэй боллоо. Дулаанаар аргаар мах боловсруулах тус бүр таван үйлдвэр Хятад болон Орост мак экспортлох зөвшөөрлөө авлаа.
ОХУ руу 100 мянган тонн хэмжээний үхрийн мах гаргах зөвшөөрөлтэй. Адуу, хонь, ямааны мах экспортлох тал дээр квот байхгүй байна. Мөн Хятадын Засгийн газрын холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээр хийсний үр дүнд өвчингүй тайван бүсэд шинжээчид ажиллаж байна.
Ё.Отгонбаяр : Ерөнхий сайдаа та битгий уурлаж бухимдаад бай. Та нарыг өгсөн цаасан дээр чинь ийм тоо баримт байна. Орон нутаг төсөвгүй байна. Ажил муудсан газрын хурал ихэсдэг гэдэг шиг. Бид энд баахан худлаа хуралдахаас хэтэрхээ байлаа. Төсөв чинь хүндэрлээ гудамж төслийн долоо хүн европын орноор 7 тэрбумаар явлаа. Иргэдийн төлөөлөгчид урамшуулал авсан байна. Та өөрөө хүртэл 9 сая 500 мянган төгрөгийн мөнгөн аяга авчээ. Хөдөө нөхцөл байдал хэцүү байна. Өнөөдөр малд нь өвчин гараад сум руугаа утасдаж дуудлага өгөхөд сумын мал эмнэлэг нь ирээд ав бензингүй байна гэж хэлүүлжээ. Бид өвөлжилтийн асуудлаа ярихдаа шийдэх арга замыг нь олох ёстой.
Ерөнхий сайд : Уурлаж сандарсан зүйл алга. Та харин намайг загнаад байна. Би учирлаад ярьж байна. Би 9 сая 500 төгрөгийн мөнгөн аяга аваагүй.
Тийм юм авдаг юмыг нь ч зохион байгуулаагүй. Төсөв дээрээ тийм юм бичсэн газрыг аудит нь очоод шалга.
М.Энхболд: Ерөнхий сайд мэдээлэл өгч байгаад баярлаж байна. Би таны мэдээлэл дотроос эрчим хүчний салбарын талаар үг олж сонсож чадсангүй. Энэ салбарын өвөлжилтын бэлтгэл ер нь ямар байна вэ. Засварын хувь хэмжээ нь ямар байна. Нүүрс нөөцлөлт нь хэр хэмжээнд байна. Төв суурин газрын цахилгаан станц ямар төвшинд бэлтгэлээ хангаж байна. Энэ салбарыг анхаарч байна уу? Хоёрдугаарт өвөлжилтийн бэлтгэлийг ярихад орон нутгийн дарга нарын маргаангүй байх нь чухал. Жишээлбэл Дархан-Уул аймагт ИХТ-ийн хэсэг нөхдүүд хууль бус зүйл хийлээ. Та тэр хууль бусаар томилогдсон хүнийг нь та томилчихлоо. Дундговь аймгийн засаг даргыг огцруулсан шийдвэрийг чинь шүүх хууль бусаар томилсон байна.
Газар тариалан хэцүүдэж байгааг та цаг уурын нөхцөл байдалтай холбож өнгөрөх гэж байна уу. Тийм биш, газар тариалангийн асуудалд хавар ямар байдлаар хандсанаар асуудал шийдэгддэг. Өнөөдөр 20 гаруйхан хувийн ургацыг хурааж авч байх шиг байна. Засгийн газар энэ талаар ямар арга хэмжээ авах вэ. Хавар юу хийв. Одоо ямар үр дүн гарах гэж байна вэ?
Ерөнхий сайд : Би хурдан уншчихсан бол уучлаарай. Эрчим хүчний салбарыг орхигдуулаагүй. Эрчим хүчний салбарын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Бид газар тариаланг 100 хувь цаг ууртай холбоогүй. Энэ жил бид 500 мянган га талбайд тариа тарьсан. Өмнө нь ийм хэмжээний тариалалт болоогүй. Мөн ургацынхаа 20 биш 60 гаруй хувийг аваад байна
. Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ярьж байгаа.
Д.Хаянхярваа : Та зурагдсан пянз шиг хэдэн танил үгээ битгий ярь. Яах вэ хийж бүтээх гэж зорьж зүтгэж байгаа зүйл байгаа л байх. Үүнийг үгүйсгэж болохгүй. Өнөөдөр бид мал, тариа, эрчим хүчний тухай ярьж байна. Нийслэл тухай асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр хичнээн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид дампуурсан бэ? Нийслэл, аймгийн төвүүдэд орлогогүйгээсээ болоод хоол хүнсгүй болох магадлалтай айл өрх байна уу ? Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлд хэрхэн анхаарч байна вэ? Энэ жил маш их ургац алдсан шүү. Одоо өгч байгаа мэдээлэл чинь ташаа байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр : Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гол арван байгууллага хамрагдсан. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна. Нийслэлийнхэн Амгалангийн дулааны станц энэ сарын 15-нд бүрэн ашиглалтад орно. Энэ өвөл дулааны хувьд их өнөтэй өвөл болно. Цахилгааны асуудал бэлтгэл ажлаа 99 хувьтай хангалаа.
Д.Лүндээжанцан : Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ярьж байна. Мал аж ахуй, газар тариалан гээд хүнсээ голдуу ярьж байна. Ирэх оны өнгийг өмнөх жилийн үйлээс хардаг. Үнэндээ газар тариалангийн салбар ийм байгаа юм чинь малчид маань яаж өвөлжих вэ гэж санаа зовж байна. Энэ жил малчид олигтой өвс бэлтгэж чадаагүй байгаа гэсэн. Засаг төр нэг тэрбум долларын мах гаргана гэж яриад байдаг. Удирдлагууд ярихдаа буруу, зөрүү яриад байдаг юм уу. Монголын нийт малын 50 хувь нь экспортоор гараад явахаар байгаа. Өвөрхангайн Арвайхээрийн дулааны цахилгаан станц юу болсон бэ? Найман зуун тэрбумыг танана гэж байна.
Р.Бурмаа: БНХАУ манай улсаас нэг тэрбум долларын мах импортлох боломжтой гэдгээ дуулгасан. Манай хувьд тийм хүчин чадал байхгүй. Бидний хувьд зөвхөн бэлчээрийн мал аж ахуй дээрээ үндэслэх биш эрчимжсэн мал аж ахуйг бий болгох шаардлагатай байна. Эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Халх голын чөлөөт бүсээр дамжуулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бидний хувьд 120 мянган тонн мах экспортлох боломжтой юм байна гэсэн тоо гаргаж ирсэн. Зөвхөн энэ жилдээ биш, дараа жилийн нэг хоёрдугаар улирлыг тооцсон байгаа. Тэрбум долларын хэмжээний махны боломжийг бий болговол эдийн засаг эрүүлжинэ. Малаа эрүүл байлгах хүсэл сонирхол нэмэгдэнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангана. Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах хэрэглэнэ.
Д.Зоригт: Улаанбаатар хотын эх үүсвэрээс гадна Дархан-Уул аймгийн цахилгаан станцыг бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын тендер зарласан. Дорнод, Хэнтий аймаг руу цахилгаан татах агаарын шугам барих ажил үргэлжилж байна.
Н.Батцэрэг: Сонгинохайрхан дүүрэгт утаа багасах болов уу гэж харж байгаа. 2014 оны өвлийг 2015 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол 16 хувиар буурсан байна. Хуучин бид зуух тараадаг байсан. Нийт 180 мянган өрхийн 90 хувь нь зууханд хамрагдаж. Нүүрс түлэх нь хамаагүй хямд учраас иргэд маань өндөр үнэтэй түлш хэрэглэж чадахгүй байна. Нийт Монголын нутгийн агаарын бохирдол муу байгаа юм биш. Улаанбаатарын агаар муу байгаа бол нийслэлийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт хотын агаар муу байвал Орхон аймгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдол энэ жил харьцангуй гайгүй байна.
Ч.Сайханбилэг: Ирэх долоо хоногт төсөв ярьж эхэлнэ. Тэр үед нь илүү тодорхой тайлбар өгье.
Д.Хаянхярваа: Эдийн засгийн байдал их дордож байна. Дордохоор барахгүй их муудаж байна. Ерөнхий сайд элдэв улстөргүй ярья гэж эхнээсээ хэлсэн. Одоо энэ зурагдсан пянз шиг юмаа ярих хэрэггүй. Тантай улс төр яриад хэрэггүй, ажил яриад ч хэрэггүй юм байна. Таны хэлсэн, ярьсан болгон бүтсэнгүй. Танаас шахаад, шахаад тос гарахгүй юм байна. Өнөөдөр хоол хүнсээ ярьж байна. Энэ зөв байх л даа. Нийслэлийн хүн амын тухай, хүнийхээ тухай яръя. Бид нар өнөөдөр олон үйлдвэр аж ахуйн дарга нэмэгдлээ гэж УИХ-ын дарга өчигдөр хэлсэн. Тэгвэл өнөөдөр хичнээн хүн ажил, орлогогүй болсон бэ?
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Улаанбаатарын утаатай тэмцэхээр нийслэлээс багагүй арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд 2014 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол бага зэрэг буурсан.
Н.Номтойбаяр: Тэрбум долларын махны экспортыг хийнэ гэж байна. Р.Бурмаа сайдыг томилогдоход нэг зүйл би хэлж байсан. Тэрбум долларын мах экспортлохтой холбоотойгоор эдийн засгийн хугарлын цэгийг хэдээр тооцсон бэ?
Р.Бурмаа: Тэрбум долларын махыг ганцхан энэ жил гаргачих юм биш. Ийм зах зээлийн боломж байна гэсэн саналыг Хятадын зүгээс тавьсан. Бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай уялдуулан, малын төрөл бүр дээр нь, мөн дотоодын хэрэгцээгээ тооцоод махны экспортыг төлөвлөж байна. Манай үйлдвэрийн хүчин чадлын тооцоог гаргасан. Жилд 128 тонн махыг экспортод гаргах боломжтой юм байна гэсэн тооцоо гарсан. Ер нь хонин толгойд шилжүүлснээр 10 сая толгой малыг экспортод гаргах боломж байна.
Л.Гантөмөр : Энэ жил төсөв буурсан. Гэхдээ энэ жилийн өвөлжилтийг дааж чадахгүй байгаа халаалтын тогоонуудаа солихоор Сангийн яаманд саналаа хүргүүлсэн.
Ч.Хүрэлбаатар : Зөвхөн цалин, тэтгэврийн данс нээлттэй, бусад дансыг хаасан гээд бичээд байгаа шүү дээ.Тэгэхээр бодит байдлыг харахаар өвлийн бэлтгэл тааруу байна. Сүүлийн 25 жилд хийгээгүй хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт хийлээ гээд байна. Тийм их рекорд эвдсэн юм бол яагаад цахилгаан, дулааны үнэ өсөөд байгаа юм бэ. Та нарын ярьж байгаа зүйл нэг өөр, бодит амьдрал дээр гарч байгаа зүйл өөр. Уг нь та нарын ярьж байгаа, хийж буй ажил нийцэж л байх хэрэгтэй шүү дээ. Танай сайдуудад хэн ч итгэхээ больсон.
Ч.Сайханбилэг: Намайг цаасан дээр байгаа юм хэлээд байна гэх юм. Би өөрийнхөө нүдээр үзсэн юмаа яриад байгаа юм. Та энэ зун Монголд байсан юм байгаа биз дээ. 38 жил газар тариалан эрхэлсэн хөдөлмөрийн баатар хүн ярьж байна. Сүүлийн 38 жил тохиолдоогүй ган биш гамшиг боллоо гэж. Энэ зун 6, 7-р сард ганц дусал бороо ороогүй байгаа шүү дээ. Та түүнийг нь харж л байсан биз дээ. Сүүлийн 25 жилд хийгдээгүй цахилгаан, эрчим хүчний хөрөнгө оруулалт хийгдээгүй биш хийгдсэн ш тээ. Цахилгаан эрчим хүчний үнэ дээр бодлогын шинэчлэл хийхгүй бол эдийн засаг ч өсөхгүй, үйлдвэрлэл ч хөгжихгүй.