З.Энхболд : Хүнс, хөдөө аж ахуйн салбарт тодорхой хэмжээний дэвшил гарсан байна
УИХ-ын дарга З.Энхболд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд оролцжээ. Энэ үеэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, ярилцан, шинэ технологи, бүтээгдэхүүнийг үзэж сонирхсон байна.
Нэгдсэн арга хэмжээнд
хүнсний чиглэлийн 178 ААН, иргэд
шинэ ургацын ногоогоор 18 аймаг, нийслэлийн 5 дүүргийн ногоочдын бүлэг, ААН, хоршоо, ТББ
төсөл, хөтөлбөрөөс 600 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн оролцжээ.
УИХ-ын дарга З.Энхболд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд оролцох үеэрээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд тодорхой хэмжээний дэвшил гарсан байгааг онцолсон байна.
Тэрээр : "Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчид шинэ түвшинд гарсныг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнгээс харж болно. Савлагаа сайжирч, нэр төрөл олширсон байна. Өмнө нь байгаагүй шинэ бүтээгдэхүүнүүдийг хийдэг болж. ХХААЯ-аас лангууны үнийг нь төлөөд зохион байгуулж буй энэ арга хэмжээ ялангуяа сурталчилгаа хийж чаддаггүй жижиг үйлдвэрлэгч, компаниудад боломж олгож байна. Энэ бол үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчдээ төрөөс дэмжиж буй нэг хэлбэр. Органик бүтээгдэхүүн маш их байна. Зах зээлээсээ хол байгаа үйлдвэрлэгчид хамтраад, хоршоолол байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаагаа танилцууллаа, зээл дэмжлэг хэрэгтэй гэдгээ хэлж байна. Би өнөөдөр зөгийн балны аж ахуй эрхлэгчидтэй уулзлаа. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээнээсээ 2 дахин их зөгийн бал үйлдвэрлэдэг болжээ. Үүнийгээ экспортлох гарц олох шаардлагатай юм байна. Мөн импортын зөгийн бал дээр татварын зохицуулалт хийх эрх Засгийн газарт бий. Импортын бүтээгдэхүүнд 20 хүртэл хувийн татвар тавих зохицуулалтынхаа хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй" гэжээ.