Засгийн газар

Монголын сонгуулийн автоматжуулсан тогтолцооны туршлагыг Киргизэд нэвтрүүлнэ

М.Энхмаа
2015-10-05 09:45

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев болон Литва улсын Гадаад хэргийн сайд Линас Линкявичюс нартай уулзжээ.

Монголын сонгуулийн автоматжуулсан тогтолцооны туршлагыг Киргизэд нэвтрүүлнэ

Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний айлчлалууд хоёр орны ойр дотно хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Киргизийн Парламентын сонгуулиар ноён Э.Абдылдаев монголын сонгуулийн автоматжуулсан тогтолцооны туршлагыг нэвтрүүлэх гэж буйг мэдэгдэж, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлсэн ажээ.

Монгол улс Ардчилал, сонгуулийн дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалах талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлж, Киргиз Улс хүрээлэнгийн гишүүнээр нэгдэж, хамтран ажиллах боломжтойг санал болгосон байна.

Литва улс  Монгол улсыг Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд дэмжинэ

Хоёр талын уулзалтад сайд нар хоёр орны хамтын ажиллагааг бизнес, зах зээлийн чиглэлээр хөгжүүлэхэд анхаарах тухайлбал Монгол улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, Литва улсын бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахад хаирлцан чухал транзит үүрэгтэй байж болохыг онцлов. Түүнчлэн тодорхой хэмжээгээр тасраад байгаа хоёр яам хоорондын уулзалтыг ойрын үед зохион байгуулах хэрэгтэй талаар санал солилцжээ. Монгол улсын байнга төвийг сахих статустын талаарх НҮБ-ын тогтоолын төсөл, энэ оны 10 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд манай орныг дэмжиж өгөхийг хүссэн байна.

Литва улсын сайд Монгол улсыг Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд дэмжихээ нотлон хэлээд Хүнийг бүх төрлөөр ялган гадуурхахыг эсрэг конвенц (CEDAW)-ийн хороонд нэр дэвшигчийг дэмжиж өгөхийг манай талаас хүссэн ажээ.