Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ
Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болож байна. Эдгээр байнгын хороодын хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон Мал,амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд Эрүүл ахуйн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж гишүүд өөрсдийн саналаа хэлсэн байна.
А.Бакей: Орон нутагт бие засах газар маш замбараагүй байдгийг цэгцлэх хэрэгтэй
Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай болгон оруулж ирж бна. Иймд “эрүүл ахуй” гэсэн нэр томъёог тодорхойлох хэрэгтэй байх. Сум, баг зэрэг орон нутагт бие засах газар маш замбараагүй байдаг. Үүнийг цэгцлэх шаардлагатай байгаа. Нэг айлын хашааны бие засах газартай залгаад нөгөө айлын хашаанд гүний худаг байх жишээтэй. Энэ нь эрүүл ахуйд хортой. Үер усны аюул тохиолдоход орчны хамаг бохирыг хамаад талаар нэг тараадаг. Үүнийг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй.
Р.Бурмаа : Шинэ хуулиар оршуулгын газар, хог хаягдлын цэг, ариун цэвэрлэх байгууламжийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж ашиглана. Мөн хүн, мал, амьтанд халдвар тараах, байгаль орчинд хортой хог хаягдлыг тогтоосон цэгт булшлах буюу зориулалтын байгууламжид устгана.
Иргэн, ААН нь өөрийн өмч, эзэмшлийн газар, өөрт ногдох нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийн арчилгааг хийх үүрэгтэй.
Ц.Оюунгэрэл: Эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд хэрэгжүүлэх механизмаа тодорхой болгох хэрэгтэй
Эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх нь зөв. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх механизмаа тодорхой болгох хэрэгтэй. Хог хаягдлын тухай хуулийн төслийг боловсруулах гэж 3 жил ажиллахдаа энэ чиглэлээр маш их судалгаа хийсэн. Хог хаягдал нэг газар хуримтлагдаж, тухайн орчиндоо аюултай нөхцөл байдлыг үүсгэж байгаа бол түүнийг цэвэрлэх шаардлагатай. Төвлөрсөн хогийг цэвэрлэх зардлыг гаргадаг Эрүүл ахуйн сан гэж байх ёстой.
Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүдийн олонх Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал,амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар Хүнс,хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулж гишүүд байр сууриа илэрхийлсэн байна.
Р.Бурмаа : Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг 1993 онд баталж байсан. Энэ хуулиар эмнэлгийн, мал үржлийн ажил, үйлчилгээг хамт зохицуулдаг. Зарчмын хувьд эрс ялгаатай 2 үйлчилгээг 1 хуулиар зохицуулснаар мэргэжлийн үүрэг,салбар хоорондын зөрчил үүсэх сөрөг үр дагавартай байгаа.
Н.Ариунболд: Шинэ хуулийн төсөлд сум, дүүрэгт мэргэжлийн мал, эмнэлгийн мэргэжилтэн ажиллахаар тусгасан байгаа. Малчны хотноос гараад аль бүс нутагт очих хүртлэх явцыг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллага хянахаар боловсруулсан. Мал эмнэлгийн ажлын ачаалал намар, хавар их байдаг. Тиймээс төрөлжсөн мал эмнэлгийн байгууллагуудыг бий болгохоор тусгасан бгаа.
Ж.Батзандан: Мал эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлснээс болж малын эрүүл мэндийн систем алдагдсан
Сум бүрт малын эмч гэсэн нэр төдий хүмүүс байгаа. Дүүргүүдийн гэрээт мал эмнэлгийн байгууллага хаана байдаг тухай мэдэх хүн цөөн байна. Одоо мал эмнэлэг хувийн хэвшил дээр тулгуурлаж явдаг. Мал эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлснээс болж малын эрүүл мэндийн систем алдагдсан. Хорооны засаг дарга, мал эмнэлгийн байгууллага хоёр төсөвгүй учраас ямар ч асуудал шийдэж чадахгүй. Үүнийг нарийн зохицуулах хэрэгтэй.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.