Улсын их хурал

Ц.Оюунгэрэл : Улаан Загалмайн хөдөлгөөн байснаар зөрчил гамшгаас өөрсдийгөө хамгаалах чадвартай орон болно

М.Энхмаа
2015-10-07 03:31

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхийн дэмжлэгийг аван чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Хуралдааны үеэр уг хуулийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хэлсэн үгийг хүргэж байна.

Ц.Оюунгэрэл : Улаан Загалмайн хөдөлгөөн байснаар зөрчил гамшгаас өөрсдийгөө хамгаалах чадвартай орон болно

Засгийн газар яагаад дэмжихгүй гэж хариу өгснийг ойлгохгүй байна. Магадгүй засгийн газраас Улаан загалмайг дэмжих санхүүжилт гаргах ёстойн байна гэж харчихаад Сангийн яаманд одоохондоо ийм мөнгө алга гээд тийм санал өгсөн байх. Тэрнээс биш үзэл санаа, урт хугацааны зорилгоо харахын бол энэ дэмжихгүй байхын аргагүй хууль.

Улаан загалмайг дэмжих дэмжлэг ганц хоёр жилийн санхүүгийн хүндрэлээс болж зогсох ёсгүй байх. Өнөөдөр дэлхий нийтэд гамшгийн болон хүмүүнлэгийн асуудал хурцаар тавигдаж 21-р зууны томоохон асуудал болж байгаа. Тиймээс бид өнөөдрийн санхүүгийн байдалд уягдалгүйгээр урт хугацааны энэ хуулийг батлах нь зүйтэй гэж бодож байна. Ер нь Монгол улсын Улаан загалмайн нийгэмлэгийг гадаадын төсвүүд л санхүүжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл бусад орны татвар төлөгчдийн мөнгөөр бидний хүмүүнлэгийн ажиллагаанд тусалж санхүүжүүлж ирсэн. Тиймээс бид өөрсдөө үүргээ хүлээж, асуудлыг өөрсдөө давж гарах чадавхтай орон байхын тулд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг дэмжих шаардлагатай. Хүмүүнлэгийн хөдөлгөөнийг хүмүүс заримдаа нэг байгууллагын асуудал, нэг намын асуудал гэж харчих гээд байдаг. Битгий тэгж хараасай гэж уриалмаар байна. Улаан загалмайн хөдөлгөөн байснаар тухайн орон зөрчил гамшгаас өөрсдийгөө хамгаалах илүү их чадвартай болж дараа дараагийнхаа залуу үеийг байнга хүмүүнлэгийн үйлсэд бэлтгэдэг. Хүмүүнлэгийн чадавхад хүнийг бэлдэнэ гэдэг бол олон жилийн үйл ажиллагаа. Энэ олон жилийн үйл ажиллагааг тогтвортой, урт хугацааны баталгаатай хуулийн орчинд явуулах шаардлагатай. Тиймээс энэ хуулийг бид дэмжих хэрэгтэй.