Засгийн газар

Цэргийн албан хаагчид бусад салбарт хөрвөн ажиллах боломжтой боллоо

М.Энхмаа
2015-10-07 06:45

Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр тал уг санамж бичгээр цэргийн алба хаагчдын сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, анги танхимаар хангах, сургалтыг зохион байгуулахад мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үүргийг хүлээж байгаа юм байна. 

Уг санамж бичигт зөвхөн гэрээт цэрэг гэлтгүй  цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг чөлөөнд гарахаас өмнө давхар мэргэжил эзэмшүүлж тэднийг бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг бий болгох заалтууд орсон байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Монгол улсыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвартай ажилтнууд юу юунаас илүү чухал

Монгол улсын хамгийн үнэтэй баялаг бол ажилтай орлоготой, эрдэм боловсролтой монгол хүн юм. Монгол улсыг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн ур чадвартай ажилтнууд юу юунаас илүү чухал учраас бидний гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү Санамж бичиг маш чухал ач холбогдолтой. Өнөөдөр батлан хамгаалах салбарт хугацаат болон гэрээт цэргийн алба хааж байгаа залуусыг албаа хааж байх хугацаанд нь сургаж мэргэжил эзэмшүүлэх, мэргэжилтэй нэгнийг нь хос мэргэжилтэй болгох зайлшгүй шаардлага байгаа юм.

Хөдөлмөрийн зах зээл дээр хуульч эрхзүйч зэрэг дээд мэргэжлийнхэн илүүдэлтэй байхад ур чадвар сайтай гагнуурчин, токарьчин, барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин байнга хэрэгцээтэй байдаг. Тэр утгаараа манай мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад сурч  буй хүүхдүүдэд ажлын байр нь бэлэн, авах цалин нь өндөр нэг үгээр амьдралын баталгаа хангалттай байгааг хүмүүс ойлгодог болсон. Эрэлттэй мэргэжил гэдэг нь төгсөгчдийн ажил эрхлэлтээр шууд тодорхойлогдож болно.

Энд би ганц нэгхэн жишээ хэлье. Манай харьяа Барилгын политехник коллеж Монголын барилгын салбарын мэргэжилтнүүдийг олон жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн туршлагатай сургууль. Энэ сургуулийг төгсөгчдийн 86 орчим хувь нь төгсөнгүүтээ ажлын байртай болж байгаа. Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн бэлтгэж байгаа зарим мэргэжлийн ангийн төгсөгчид 100 хувь ажилтай болдог. Гэтэл дээд боловсролын дипломтой хэрнээ таксины жолооч хийгээд, дэлгүүрийн лангуу хараад сууж байна шүү дээ.