Нийгэм

Л.Гансүхийн өмгөөлөгчийн эсрэг гомдол гарган цагдаад өгчээ

М.Энхмаа
2015-10-08 02:24

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргасан байна. Тэрээр “Ц.Баасандорж нэр төрд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаад өгч шалгуулахаар шилжүүлсэн байна. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийнхөн ч шүүгчээ нэр төрөө гутаалгасан гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад ханджээ.

Ч.Гансүх нарын шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байжээ.

Ийнхүү Х.Идэр шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч энэхүү хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж байсан байна.