АН бүлэг хууль зүйн байнгын хорооны даргын асуудлаар завсарлага авлаа
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар зарим байнгын хорооны даргыг чөлөөлж сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхийн өмнө АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлэг уг асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа гээд 5 хоногийн завсарлага авчээ.
Учир нь АН бүлэг өнгөрсөн даваа гарагийн ээлжит хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг улираан сонгохоор байр сууриа нэгтгээд байсан. Гэвч өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж сайн дураараа нэр дэвшин, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөж олонхийн дэмжлэгийг авсан байна.
Үүнтэй холбогдуулан АН бүлэг ээлжит бус хуралдаан зарлаж Ш.Түвдэндорж гишүүний энэхүү үйлдлийг бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан хэмээн үзэж хариуцлага тооцон, бүлгийн дэд даргын албаас чөлөөлжээ.
АН бүлэг завсарлага авсны дараа Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсонтой холбогдуулан ТБХ-ы даргын албаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн бөгөөд шинэ даргаар Ч.Улааныг томиллоо.